Нико Ковач: Бразилийн шигшээд шүүгчийн туслалцаа хэрэггүй
Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Нико Ковач Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод 1:3-аар хожигдсон шалтгаанаа зөвхөн шүүгчийн хийсэн хэрэг гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч Бразилийн шигшээд ая тал засах гэсэндээ торгуулийн цохилт заасны зэрэгцээ гурав дахь гоолыг нь ч бэлдэж өгсөн гэж Ковач өгүүлжээ.
1
“Торгуулийн цохилт өгөхөөр алдаа гаргаагүй гэдгийг бүгд харсан. Хэдэн тэрбум хүн үүнийг батална. Манай багийн залуус тоглолтын дараа хувцас солих өрөөнд ороод яасан гэж санана. Ийм шударга бус байдлаар хожигдоход хэнд ямар сайхан байх вэ дээ. Гэхдээ би багийнхнаараа бахархаж байна.
Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод шилдэг шүүгчээ ажиллуулах хэрэгтэй. ОУХХ-ноос тэмцээнийг зохион байгуулагч Бразилийг хүндэтгэж буйг ойлгож байна л даа. Гэхдээ хоёр багаа хоёуланг нь хүндлэх ёстой шүү дээ. Үгүй бол энэ чинь цирк шиг л юм болно. Зөвхөн торгуулийн цохилт ч бус гурав дахь гоолыг хийхээсээ өмнө манай тоглогч дээр алдаа гаргасныг шүүгч анзаараагүй мэт өнгөрсөн. Миний бодлоор Бразилийн шигшээд шүүгчийн туслалцаа хэрэггүй. Тэдний багт өндөр зэрэглэлийн олон тоглогч байгаа шүү дээ” гэж Нико Ковач хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ