НҮБ Украинд шалгалт хийнэ
Украин дахь НҮБ-ын ажиглагчид тус орны зүүн хэсэгт болж буй байлдааны ажиллагаанд хориотой зэвсгийг хэрэглэж байгаа талаарх мэдээллийг шалгаж эхэлжээ. Энэхүү мэдээллийг НҮБ-ын төлөөлөгч Фархан Хак мэдэгдсэн байна. Мөн Киевийн эрх баригчдын зүгээс хүч хэрэглэсэн ажиллагаа явуулж буй газруудаас оршин суугчид олноор дүрвэж байгаа мэдээллийг шалгах гэнэ.
Фархан Хак “Украин дахь хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлын талаар манай ажиглагчид илтгэл тавьж, тэдгээр мэдээллүүд баттай үгүй юу гэдгийг нь шалгах болно” гэж хэлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хориотой зэвсгийн хэрэглээний талаар сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал тавьж байгаа билээ. НҮБ-ын хэвлэлийн албанаас “Ирэх сарын эхээр Украины зүүн хязгаарын хэд хэдэн хотод хориотой зэвсэг ашигласан эсэхийг шалгана” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ