Профессор Пирлогийн баг Английг 2:1-ээр хожлоо
Дэлхийн аваргын D хэсэгт дэлхийн гурван удаагийн аварга Итали, хоёр удаагийн аварга Уругвай, нэг удаагийн аварга Англи орсон тул “үхлийн хэсэг” хэмээн өргөмжлөөд буй билээ. Гэвч эхний тойргийн дараагаар эдгээр гурван баг биш Коста-Рика тэргүүлж явна. D хэсгийн эхний тоглолтод Коста-Рика Уругвайг 3:1-ээр хожиж сенсаци тарьсан бол хоёр дахь тоглолтод Англи-Италитай тоглолоо.
1
Тоглолтын өмнө Английн шигшээгийн ахлагч Жеррард “Италичууд л биднээс болгоомжлох хэрэгтэй” гэж хэлсэн бол тоглолт үүний эсрэгээр өрнөв. 35 настай Андреа Пирло хөлбөмбөгийн жинхэнэ профессор гэдгээ дахин нотолж, талбайн төвд бүрэн ноёрхлоо тогтоосноор Английн шигшээг буулгаж авлаа.
Англичууд хурдаараа ааглаж тоглохыг хичээсэн ч Италийн хэмнэлд орж, улмаар Пирло бараг бүх дамжуулалтаа ончтой, бас аюултай довтолгоо болгож байв.
35 дахь минутад баруунаас дамжуулсан бөмбөгийг Пирло ардаа үлдээснээр Маркизиод чөлөөтэй, ончтой цохилт хийх боломжийг олгосон юм. Маркизио 20 гаруй метрийн зайнаас Хартын баруун шороон буланд цохьж гоол орууллаа. Гэвч үүнээс ердөө хоёр минутын дараагаар Рунигийн зүүн жигүүрээс өгсөн оновчтой дамжуулалтаар Старриж тэнцээний гоолыг оруулав. Руни тоглолтын турш идэвх муутай, ихэвчлэн алхаж тоглож буй нь бэлтгэл бүрэн ханаагүйг илтгэж байв.
1
Марио Балотелли нэгдүгээр үеийн төгсгөлд хаалгаа орхин гарсан Жо Хартын дээгүүр бөмбөг өлгөж, хоосон хаалганд оруулчих дөхсөн ч Фил Жагиелка эцсийн мөчид мөргөж гаргаж чадлаа.
Мөн тоглолтын явцад Английн шигшээгийн эмч Левин багийнхаа гоол оруулсанд баярлан дэвхцэхдээ хөлөө эвгүй гишгэсэн тул эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.
Хоёрдугаар үед Итали, Английн шигшээ тэнцүүхэн тоглолт үзүүлсэн ч Кандревагийн баруунаас хөөргөж өгсөн бөмбөгийг Марио Балотелли мөргөж, гоол оруулсан нь хожлынх байв.
Бэйнс, Жеррард нар 16-гийн гаднаас зүүн, баруунаас хоёр ч удаа хаалттай цохилт хийсэн ч гоол болгож чадсангүй. Харин Андреа Пирло 30 орчим метрийн зайнаас хаалттай цохилт хийсэн нь хөндлөвч онов. Пирлогийн бөмбөгийн эргэлтийг Харт тооцож ч чадалгүй, алдах дөхсөн.
1
Ийнхүү Италийн шигшээ Английг 2:1-ээр хожлоо. Хэдийгээр Дэлхийн аваргын өмнөхөн Риккардо Монтоливо нь гэмтсэн ч гэсэн Италийн баг сайн тоглолоо. Италийн шигшээ 2006 оны шөвгийн наймд Украиныг хожсоноосоо хойш буюу бүтэн найман жилийн дараагаар Дэлхийн аваргад үндсэн цагт ялалт байгуулсан нь энэ юм.
Тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр Марио Балотелли нэрлэгджээ.
1
Англи – Итали 1:2
Гоол: Маркизио 35, Старриж 37, Балотелли 50.
Англи: Жо Харт, Жонсон, Жагиелка, Кэйхилл, Бейнс, Жеррард, Хендерсон (Уилшер, 73), Уэлбек (Баркли, 61), Стерлинг, Руни, Старриж (Лаллана, 80).
Итали: Сиригу, Дармиан, Бардзальи, Палетта, Кьеллини, Де Росси, Кандрева (Пароло, 79), Верратти (Мотта, 57), Пирло, Маркизио, Балотелли (Иммобиле, 73).
Шар хуудас: Стерлинг (90)
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ