Мессигийн гоол Аргентинд ялалт авчирлаа

img

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай гэгдэж буй Аргентины шигшээ баг Босни ба Герцеговинтай тоглож, 2:1-ээр хожиж чадлаа. Эхний үед Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Алехандро Сабелья 5-3-2 буюу Голландчуудын Испаний эсрэг хэрэглэсэн хувилбарыг сонгосон нь иргүй мохоо, хамгаалах тактик байв.

1

Гэвч тоглолт эхэлмэгц зүүнээс хөөргөж өгсөн бөмбөг Колашинацын хөлд ойн, Боснийн хаалганд орсон. Колашинацын энэ гоол тоглолт эхлээд 2 минут 8 секундын дараа орсноор тэмдэглэгджээ. Энэ нь Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хурдан автогоол болсон юм. Өмнө нь 2006 оны Дэлхийн аваргаар Парагвайн хамгаалагч Гамарре Английн эсрэг тоглолтын 2 минут 46 секундэд өөрийнхөө хаалганд автогоол оруулсан нь хамгийн хурданд тооцогдоод байжээ.

1

Эхний үед хоёр багийн тоглолт тун уйтгартай гэмээр өрнөсөн. Харин хоёрдугаар үед Аргентины дасгалжуулагч Гаго, Игуаин нарыг талбайд гаргаснаар тактикаа өөрчилж, тоглолт сэргэж ирэв. Месси ч илүү идэвхтэй тоглож эхэлсэн.

65 дахь минутад Месси хоёр ч хамгаалагчийг хуураад, хаалгачийн баруун шороон буланд цохьсон бөмбөг шонд ойн хаалганд орлоо. Ийнхүү өмнөх Дэлхийн аваргаар нэг ч гоол оруулаагүй Месси энэ удаад эхний тоглолтдоо гоол оруулсан төдийгүй багтаа ялалт авчирч чадлаа.

Тоглолтын төгсгөл рүү Боснийн довтлогч Ведад Ибишевич хариу гоол оруулснаар 2:1-ээр өндөрлөлөө.

 1

Аргентин – Босни 2:1

Гоол: Колашинац 3-автогоол, Месси 65, Ибишевич 84.

Аргентин: Ромеро, Кампаньяро (Гаго, 46), Фернандес, Гарай, Сабалета, Машерано, Рохо, М. Родригес (Игуаин, 46), Ди Мария, Месси, Агуэро (Биглиа, 87).

Босни: Бегович, Муйжа (Ибишевич, 69), Бичакчич, Спахич, Колашинац, Бешич, Хайрович (Вишча, 71), Мисимович (Медуньянин, 74), Пьянич, Лулич, Жеко.

Шар хуудас: Рохо (25), Спахич (63).

1

1

 Франц, Швейцарь эхний ялалт байгууллаа

1

Дэлхийн Е хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. 1998 оны Дэлхийн аварга, өмнөх Дэлхийн аваргаар тоглогчид нь дасгалжуулагчтайгаа муудалцаж, дэлхий даяар хөгөө чирсэн Францын шигшээ Гондурастай тоглож, 3:0-ээр бут ниргэлээ.

1

Тоглолтын хувь заяаг 43 дахь минутад бүрэн шийдсэн гэж хэлж болно. Уилсон Паласиос торгуулийнхаа талбайд Поль Погбаг араас нь түлхэж унагааснаар хоёр дахь шар хуудсаа хүртсэн төдийгүй, хаалгандаа пенальти заалгасан юм. Пенальтийг Карим Бензема амжилттай гүйцэтгэсэн.

1

Хоёрдугаар үеийн эхэнд Бенземагийн цохьсон бөмбөг алсын шонд ойн эргэн ирэхэд Гондурасын хаалгач Вальядарес барих гээд өөрийнхөө хаалганд оруулснаар тоо 2:0 болов. Вальядаресийн хаалгандаа алдсан энэ бөмбөгийг Дэлхийн аваргын түүхэнд анх удаагаа гоол технологиор шийдсэн нь түүхэнд үлдэх явдал болсон.

Гондурасын хөлбөмбөгчид тун ширүүн, заримдаа хэт бүдүүлэг гэмээр тоглолт үзүүлж байлаа. Гэвч Бензема 72 дахь минутад дахин гоолдсноор дубль хийж чадлаа. Ийнхүү Францын шигшээ эхний тоглолтдоо өрсөлдөгчөө бут ниргэж, хэсгээ тэргүүлж эхлэв.

1

Швейцарь-Эквадорын тоглолтын сүүлчийн минутад Өмнөд Америкийн багийнхан хоёр дахь гоолоо оруулж, ялалт байгуулах боломж гарсан ч Эннер Валенсиа хамгаалагчид бөмбөгөө таслуулснаар хариу довтолгоогоор Швейцарийн баг хожлын гоолыг оруулсан юм.

 1

Франц - Гондурас 3:0 (1:0, 2:0)

Гоол: Бензема 45-пен,72, Вальядарес 48-автогоол

Франц: Льорис, Дебюши, Варан, М. Сако, Эвра, Погба (Сиссоко, 57), Матюиди, Кабай (Мавуба, 65), Вальбуэна (Жиру, 78), Гризманн, Бензема.

Гондурас: Вальядарес, Бекелес, Бернардес (О. Чавес, 46), Фигероа, Изагирре, Паласиос, Гарридо, Нахар (Кларос, 58), Эспиноза, Бенгтсон (О. Гарсиа, 46), Костли.

Шар хуудас: Эвра (7), Погба (27), Паласиос (28), Кабай (45), О. Гарсиа (53), Гарридо (83).

Улаан хуудас: Паласиос (43).

 1

Швейцарь – Эквадор 2:1

Гоол: Э.Валенсиа 22, Мехмеди 48, Сеферович 90.

Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Журу, фон Берген, Родригес, Инлер, Жака, Шакири, Бехрами, Штокер (Мехмеди, 46), Дрмич (Сеферович, 75).

Эквадор: Домингес, Паредес, Эрасо, Гуагуа, В. Айови, Груэсо, Нобоа, А.Валенсиа, Монтеро (Рохас, 77), Э.Валенсиа, Кайседо (Арройо, 70).

Шар хуудас: Паредес (53), Журу (84).

1

Р.Гэгээ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ