Дэлхийн аваргын шинэ арга - хурдан арилагч хөөс
2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга хэд хэдэн шинэ арга, технологийг хэрэглэж буйгаараа урьд урьдынхаасаа онцлог болж байна. Эдгээрээс шүүгчдэд хамгийн дэмтэй, мөн олон гоол оруулах нөхцөлийг бүрдүүлж буй шинэлэг зүйл бол хурдан арилагч хөөс юм. Дэлхийн аваргын нээлтийн Бразил-Хорватын тоглолтын явцад Японы шүүгч Юичи Нишимура анх удаагаа хана болж зогссон хөлбөмбөгчдийн өмнүүр энэ хөөсийг цацаж, зааг тавьснаар түүхэнд бичигдэн үлдлээ.
_.
“Өмнө нь шүүгчид их зовдог байж. Хөлбөмбөгчид хана болж зогсмогцоо өөр тийш харахын зуургүй урагшилчихдаг. Тэрийг нь шүүгч нар олж тогтоох амаргүй. Харин энэ хөөсийг цацчихсан байхад хэн, хэр зэрэг урагшилсан нь шууд харагдана. Гэхдээ энэ хөөс зөвхөн шүүгч нарын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй гоолын тоог олшруулж, үзэгчдийг татах чадварыг улам нэмж байгаа юм” гэж Английн шүүгч Ховард Уэбб өгүүлжээ.
Үнэхээр BBC-гээс явуулсан судалгаагаар 1990 оны Дэлхийн аваргад хаалттай цохилтоос нийт гоолын 5.2 хувь нь орсон бол 2010 оны Дэлхийн аваргад хаалттай цохилтоос нийт гоолын 3.4 хувь нь л орсон байж. Энэ нь хаалтад зогсож буй хөлбөмбөгч шүүгчид мэдэгдэлгүйгээр урагшилснаар гоолын тоо багассаны гэрч гэж үзсэн байна.
.
Анх иймэрхүү төрлийн хөөсийг хэрэглэхийг Аргентины зохион бүтээгч Пабло Силва 2002 онд сэдсэн байна. Удалгүй Өмнөд Америкийн хэд хэдэн тэмцээнд тус хөөсийг үе үехэн ашиглах болжээ.
Олон улсын хэмжээнд бол 2011 онд Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд хөөсийг эхэлж хэрэглэсэн. Харин 2013 онд Туркт болсон 20 хүртэлх насныхны Дэлхийн аваргад мөн ашиглаж, туршсан байна. Ингээд энэ удаагийн Дэлхийн аваргад ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм.
.
“Хөлбөмбөгчид ханад зогсохдоо байнга урагшилдаг нь тогтоогдсон. Энэ нь дүрмээ зөрчөөд буй хэрэг. Тиймээс энэ хөөс дүрэм зөрчигчийг илрүүлэх, зөрчүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой” гэж ОУХХ-ны шүүгчийн зөвлөлийн тэргүүн Массимо Бузакка олзуурхсан байна.
Хөөс минут гаруйхны дараагаар арилчихдаг тул заримдаа хөлбөмбөгчдийн ганган пүүзэнд хүрсэн ч толбо үлдээдэггүй ажээ.
.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ