Д.Дэмбэрэл: Энэ хугацаанд алдсан ч, оносон ч зүйлүүд их бий
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Монголын хөрөнгийн биржид зочлон ажил байдалтай нь танилцаж, энэ өдрийн үнэт цаасны 3885 дахь арилжааг нээлээ. Тэрбээр “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн эхний үеэс хөрөнгийн зах зээлийн асуудал яригдаж, энэ үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй Монголын хөрөнгийн биржийг 1991 онд анх байгуулсан билээ. Улсын Их Хурлаас Компаний тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай зэрэг хуулиудыг батлан гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Үнэт цаасны хороог байгуулж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо болгон зохион байгуулж ажиллуулсан нь хөрөнгийн зах зээлийг бий болгож бүрдүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх, төрөөс зохицуулахад ач холбогдлоо өгсөн юм. Энэ хугацаанд алдсан ч, оносон ч зүйлүүд их бий.
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж нь өөртөө бүртгэлтэй дотоод, гадаадын 6000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, 50 гаруй мэргэжлийн оролцогч байгууллага бүхий 300 гаруй албан хаагчтай хөрөнгийн зах зээлийн бүхэл бүтэн сүлжээ болтлоо өргөжин хөгжсөн байна.
Улс орны эдийн засаг өргөжин хөгжиж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын түвшинд хамтрахын хирээр хөрөнгийн зах зээлийг илүү хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Нэн ялангуяа дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын татах замаар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, түүнийхээ үр ашгаас ард иргэддээ хүртээх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад оновчтой менежмент бүхий хөрөнгийн зах зээл онцгой чухал юм.
Монголын хөрөнгийн биржийг гадаад орны нэр хүнд бүхий хөрөнгийн биржүүдтэй холбоотой ажиллуулах, тэдний туршлагаас суралцах, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, техник технологийг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авах чиглэлийг Засгийн газраас баримталж, холбогдох ажлууд хийгдэж байгаа юм байна. Улсын Их Хурлаас хөрөнгийн зах зээлийн холбогдолтой хууль эрх, зүйн орчныг сайжруулах, энэ талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг улам тодорхой болгоход анхаарах болно” гэлээ.
Тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд өсч, үндэсний хувьцаат компаниуд сэргэн хямралыг гэтлэн давсан амжилттайгаар 2011 оноо угтлаа. Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 15039.97 нэгж болтлоо өсч, зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа их наяд хэмээх тооны нэгжээр хэмжигдэж нэг их наяд 373,9 тэрбум төгрөг хүрч өссөнийг тус биржийн захирал Р.Содхүү УИХ-ын даргад таницуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ