Дээд амжилтаар дүүрэн “Сан-Антонио”-гийн ялалт

img

NBA-гийн аваргын төлөөх цувралд “Сан-Антонио Сперс”-ийнхэн “Майами Хит”-ийг буулгаж авахад ердөө таван тоглолт хангалттай байлаа. “Сан-Антонио” цувралд 110:95, 96:98, 111:92, 107:86, 104:87-оор буюу дөрвөн тоглолтод 14-өөс дээш оноогоор тасарч, хожил авсан юм. Энэ нь NBA-гийн аваргын төлөөх тоглолтын түүхэн дээд амжилт юм. Мөн нийт таван тоглолтод 528:458 буюу нийт 70 онооны зөрүү гаргасан нь мөн л дээд амжилт болжээ. Үүний зэрэгцээ “Сан-Антонио”-гийнхон “Майами”-гийн эсрэг аваргын цувралд 362 шидэлт хийснээс 191 нь байндаа туссан нь дунджаар 52.76 хувь нь амжилттай болж, нэг довтолгоог 24 секундээр хэмжих болсноос хойшхи дээд амжилтад мөн тооцогдсон байна.

1

Ийнхүү “Сан-Антонио” хэд хэдэн дээд амжилт тогтоон, “Майами Хит”-ийн ноёрхлыг унагаж чадлаа. Харин аваргын төлөөх цувралын MVP-ээр дөнгөж 22 настай Кавай Ленард тодорлоо. Ленард өнөөдөр 22 нас 350 хоногтой бөгөөд NBA-гийн аваргын төлөөх цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тоглогчид дундаас насны залуугаараа гуравт бичигдлээ. Эрвин Мэжик Жонсон 1980 онд 20 нас 274 хоногтойдоо MVP-ээр тодорч байсан нь хамгийн залууд тооцогддог юм.

1

Америкт зургаадугаар сарын гурав дахь ням гаригийг Аавуудын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр MVP-ээр шалгарч, аварга болсноо Ленард онцгой үйл явдал гэж онцолсон байна. Учир нь Ленардын эцэг 2008 онд гэмт этгээдэд буудуулан амиа алдсан ч хэргийн шалтгаан болон алуурчныг одоо хүртэл илрүүлж чадаагүй байгаа юм.

“Энэ миний хувьд онцгой явдал. Эцгийгээ үгүй байхад аавуудын баяраар аварга болно гэдэг...” хэмээн Ленард хэлсэн байна. Мөн Ленард Бүх оддын тоглолтод оролцоогүй хэрнээ аваргын төлөөх цуврал MVP-ээр шалгарсан зургаа дахь тоглогч болж бичигдлээ. Түүнээс өмнө 1973 онд Уиллис Рид, 1978 онд Уэс Анселд, 1981 онд Седрик Максвелл, 1989 онд Жо Думарс, 2004 онд Чонси Биллапс нар Бүх оддын тоглолтод оролцоогүй хэрнээ аваргын төлөөх цувралын MVP-ээр шалгарч байжээ.

1

“Сан-Антонио”-гийн үнэнч тоглогч, 38 настай Тим Данканы хувьд нэгэн гайхалтай амжилт тогтоосон. Тэрбээр гурван арван жилд аварга болсон хоёр дахь сагсан бөмбөгч болж түүхэнд бичигджээ. Данкан анх 1999 онд аварга болсон бол дараа нь 2003, 2005, 2007 онуудад аварга болсон билээ. Тэгвэл энэ удаад гурав дахь 10 жилдээ буюу 2014 оны аварга болж чадлаа.

1

Аварга болсон сэтгэгдлээсээ Тим Данкан хуваалцахдаа “Гайхалтай юм аа. Энэ ялалт өнгөрсөн жилийн ялагдлыг мартах эрх өгч байна. Миний замнал өндөрлөх тийшээгээ хандаж буйг би ойлгож байна. Дахиад аварга болох боломж гарах эсэхийг хэлж мэдэхгүй. Ийм олон жилийн дараагаар ийм гайхалтай багтай хамт дахиад аварга болно гэдэг үнэхээр гайхамшигтай. Их зүйл өөрчлөгдсөн шүү. Бид жилээсээ жилд өөрчлөгдөж, хэрэгтэй бүхнийг хийж байлаа. Хөгжөөн дэмжигчдийнхээ нүдний өмнө аварга болно гэдэг их эрхэм. Би өөрийгөө хэрэгтэй, сайн тоглож байгааг мэдэрч буй цагтаа тоглох л болно” гэж Тим Данкан мэдэгдсэн байна.

1

Харин Тони Паркер Тимийг зодог тайлах цаг болоогүй гэж хэлжээ. “Манай багийн тоглолтыг хар л даа. Тим харих яагаа ч үгүй байгаа биз дээ. Дасгалжуулагч Попын хувьд тэр энэ зун дарс сайхан шимж байгаад л эргээд ирнэ” гэж инээмсэглэн өгүүлсэн байна.

1

“Сан-Антонио”-гийн дасгалжуулагч Грегг Попович энэ улирлаас гайхалтай таашаал авснаа өгүүлсэн юм. “Би дасгалжуулагчийнхаа замналын турш бүтэн улирлаас ийм их таашаал авч, баяр баясал мэдэрч байсангүй. Өнгөрсөн улирлын аймшигтай хожигдлын дараагаар бид талбайд эргэн гарч, бүр аварга болж чадлаа. Энэ бүхэн надад хичнээн эрхэм, чухал болохыг та бүхэн төсөөлөхгүй байх аа” гэж Попович ярьсан байна.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ