Герман машин, анхны хет-трик, шүүгчийн эргэлзээтэй шийдвэр

img

Дэлхийн аваргын G хэсгийн эхний тоглолтод Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ, Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдогоор ахлуулсан Португалтай тоглож, Мюллерийн хет-трик, Матс Хуммельсийн мөргөлт, шүүгчийн маргаантай шийдвэрээр ялалт байгууллаа.

1

Бразилд болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч нарын ажил ихээхэн маргаан дагуулсаар буй нь энэ удаад ч давтагдав. Ялангуяа торгуулынхаа талбайд өрсөлдөгч багийнхаа тоглогчийг гараараа татах, футболканаас нь бага ч гэсэн чангаахыг шүүгч нар онцгойлон ажиж, шууд пенальти зааж буй байдал анзаарагдаж байна. Бразилийн довтлогч Фредийг Хорватын Ловрен араас бага зэрэг татсаныхаа төлөө пенальти заалгасан бол энэ тоглолтод Марио Гетцег Жоао Перейра мөн л бага зэрэг чангаасныхаа төлөө торгуулийн цохилт заалгаж, багаа хүнд байдалд оруулав.

1

Торгуулийн цохилтыг Томас Мюллер хаалгачийн баруун шороон булан руу чиглүүлж, эхний гоолыг орууллаа. Тони Кроос багийнхаа чөлөөт цохилт болон булангийн цохилтуудыг хийхээр томилогдсон нь тодорхой байв. Түүний булангийн цохилтоор Матс Хуммельс мөргөж хоёр дахь гоолыг оруулсан.

28 дахь минутад Португалын шигшээгийн довтлогч Уго Алмейда гэмтэл авснаар түүний оронд Эдерийг гаргахаас аргагүйд хүрлээ. 37 дахь минутад Пепе бөмбөгийн төлөө тэмцэхдээ Мюллерийн нүүрэнд савсан гар нь хүрмэгц герман залуу зүлгэн дээр унасан. Пепе догшин гэмээр зангаараа Мюллерийн шарыг хөдөлгөхөөр дөхөн очиж хэдэн үг хэлэхдээ толгой руу нь бага зэрэг мөргөж орхисныг шүүгч анзаарч, тэр даруй шууд улаан хуудас гарган, талбайгаас хөөлөө. Сербийн шүүгч Милорад Мажич энэ тоглолтыг талбайд шүүсэн юм. Угаасаа хожигдож явсан Португалын шигшээ төвийн хамгаалагчаа алдснаар хожиж магадлал нь бараг үгүй болов. Нэгдүгээр үеийн төгсгөлд Кроосын торгуулийн талбай руу дамжуулсан бөмбөг Португалын хамгаалагч өөрөө Мюллерийн хөлд өгснөөр 2010 оны Дэлхийн аваргын шилдэг залуу тоглогчоор шалгарсан хагас хамгаалагч дубль хийлээ.

1

Хоёрдугаар үед Пепегийн оронд Рикардо Коштаг гаргаж, золионд нь Мигел Велозуг суулгав. Мөн Германы Матс Хуммельс гэмтсэн тул Шкодран Мустафиг талбайд гаргалаа. Италийн “Сампдори”-д тоглодог Шкодран Мустафи Дэлхийн аваргад ирэх багт эхэндээ багтаагүй ч Ройс гэмтсний улмаас түүнийг авсан юм. Саяхан л гэрийнхээ зурагтаар дэлхийн аваргыг үзэхдээ эвлэрчихсэн байсан залуу ийнхүү Хуммельс гэмтснээр эхний тоглолтод гарсан нь энэ.

1

Португалын шигшээгийн зүүн захын хамгаалагч Фабио Коэнтраогийн гуяны арын шөрмөс гэмтснээр Андре Алмейда талбайд гарсан. Тус тоглолтод Уго Алмейда, Матс Хуммельс, Фабио Коэнтрао нар гэмтэл авсан нь одоогоор хүнд, хөнгөн эсэх талаар мэдээлэл хийгээгүй байна.

Шүүгч Мажич Португалын довтлогч Эдерийг герман хамгаалагч торгуулийнхаа талбайд илт дэгээдэж унагаахад пенальти заагаагүйд Роналдо бухимдан хоёр гараа савлан шүүгчийг дагаж гүйж үзэгдсэн. 78 дахь минутад Португалын хаалгач Руи Патрисиу баруунаас дамжуулсан бөмбөгийг барьж авах гээд ойлгож алдснаар үүнийг л анаж байсан Мюллерт хет-трик хийж боломж олголоо. Ингэснээр Дэлхийн аваргын анхны хет-трикийг Томас Мюллер хийсэн юм. Германы шигшээ баг Португалын эсрэг цэвэр довтлогч гаргалгүй хагас хамгаалагч Томас Мюллерийг довтлогчоор гаргасан нь 2012 оны Европын аваргаар Испанийн шигшээ багийн ашигласан 4-6-0 хувилбартай тун төстэй байв.

1

Герман машин эхний тоглолтдоо ийнхүү хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож буй Португалыг бут ниргэж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр хет-трикийн эзэн Томас Мюллерийг нэрлэжээ.

1

Герман – Португал 4:0

Гоол: Мюллер 12-пен, 45, 78, Хуммельс 32

Герман: Нойер, Ж.Боатенг, Мертесакер, Хуммельс (Мустафи, 73), Хеведес, Кроос, Лам, Хедира, Озил (Шюррле, 63), Гетце, Мюллер (Подольски, 82).

Португал: Патрисиу, Перейра, Алвеш, Пепе, Коэнтрао (Алмейда, 65), Велозу (Кошта, 46), Мейрелеш, Моутиньо, Нани, Роналдо, Уго Алмейда (Эдер, 28).

Шар хуудас: Перейра (11).

Улаан хуудас: Пепе (37).

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ