Хилари Суонк: Амьдрал намайг амттай болгосон

img

“Сая долларын бүсгүй”, “Хөвгүүдийг бүү уйлуул” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шигнал хүртсэн нэрт жүжигчин Хилари Суонк хэдхэн хоногийн өмнө “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. 

.

-Ярилцлагын эхэнд нэг зүйлийг асуумаар байна. Хилари Суонк гэх бүсгүйг нэг өгүүлбэрээр тодорхойлж хэлбэл?

-Мэдээж хэрэг хүн өөрийгөө магтахыг оролдох байх л даа. Хөгжилтэй нь би өөрийгөө магтах дургүй. Оскарын хоёр удаагийн шагналт, гайхамшигт уран бүтээлч Хилари Суонк гэж хөтлөгч нар хэлэхээр миний нурууны хөлс урсаад л бие тавгүйтдэг. Оскар хүртсэн минь үнэн. Би дүрдээ зүгээр л сайн орсон. Та асуулаа, өөрийгөө нэг өгүүлбэрт багтааж тодорхойлж хэл гэж. Би энэ асуултад “Хилари Суонк гэх бүсгүй бусадтай яг адилхан уйлдаг, инээдэг, догдолдог, харамсдаг, уурладаг бие махбодь” гэж хариулмаар. Хүн төрөлхтөн бүр давтагдашгүй байдаг шиг би ч гэсэн модны навч шиг бусдаас өөр нь ойлгомжтой.

.

-Хэрвээ би Оскар хүртсэн бол үргэлж агаарт хөөрч, нисэх байсан. Та яагаад ийм даруухан юм бэ?

-Би өөрөөрөө бахархаж, шагнал авах болгондоо үргэлж урамшуулдаг. Хилари сайн байна. Сайн охин. Бид чадлаа гээд л. Надад ч гэсэн тийм үе байсан. Бусдаас илүү ч юм шиг. Бусад бүсгүйчүүдээс илүү үзэсгэлэнтэй ч юм шиг. Шувуунаас илүү том далавчтай ч юм шиг. Ийм үе, ийм сэтгэгдэл нэг бус удаа төрж байсан. Та бүхний сайн мэдэх жүжигчин Морган Фримэн надад “Борооны усанд урсаад алга болохгүйн тулд хичээ. Өнөөдрийн олдсон нэр төрөө үүрд мөнх хадгалахыг хүсч байгаа бол яг л Мерил Стрип шиг даруухан, өөрийнхөөрөө бай” гэж хэлсэн. Энэ үг даруухан ч гэлээ цаанаа л ер бусын.

:

-Тэгвэл оддын өвчин туссан жүжигчин эсвэл дуучин харамсалтай нь тань шиг сайн багштай таараагүй хэрэг үү?

-Байж болох л юм. Холливуудаар дүүрэн жүжигчид байгааг хэзээ ч мартаж болохгүй. Нэг хором л анхаарлаа сарниулахад ар дагз руу чинь чулуу шидэх хүн цөөнгүй бий.

:

-Таныг Холливуудын найруулагч болон жүжигчид уянгын киноны охь тэнгэр гэдэг. Энэ хоёрхон үгийг батлах уран бүтээл бол “Сая долларын бүсгүй”?

-Уянгын дуу хүний чихэнд хамгийн их хүрдэг. Яагаад гэвэл удаан бас үг нь ойлгомжтой. Харин уянгын кино бол зохиол л сайн байхгүй бол үзэгчдийг залхаах, нойр хүргэх аюултай. “Сая долларын бүсгүй” кино уянгын гэхээсээ илүү амьдралын бодит түүхийг өгүүлсэн бодрол гэж болохоор. Нэг хүний сэдэвчилсэн намтар, ганцаарчилсан жүжиг шиг.

.

-Бид хоёр дэндүү сэтгэлийн дотоод ертөнцийн талаар ярилцах шиг боллоо. Та биеийнхээ аль хэсэгт илүү дуртай вэ?

-Аль хэсэг вэ гэхээсээ илүү аль зүйлдээ дуртай вэ гэвэл инээмсэглэлдээ дуртай. Жүжигчин Жулиа Робертс надад нэг удаа “Чи инээхээрээ үзэсгэлэнтэй юм. Би эрэгтэй байсан бол чамд дурлах байсан” гэж хэлэхэд л өөрийнхөө гоо үзэсгэлэнг илүү ихээр мэдрэх шиг болсон. /Инээв/

.

-Ер нь танд ихэвчлэн олны танил эрхмүүд зөвлөгөө, зөвлөмж өгөх юм аа?

-Тиймээ. Бид л нэгнийхээ өөг сайн харж чадна. Шүүмжилж, аргаддаг хүмүүс ганцхан Холливуудад л байдаг.

.

-Холливуудад багтахын тулд уран бүтээлчээс юу шаарддаг вэ?

-Өөрийнхөөрөө бай. Цаг сайн барь. Сэтгэлийн тэнхээтэй бай, чадвартай бай.

.

-Таныг “үгүй” гэж хэлүүлэх хэмжээний шаардлага бий юу?

-Байлгүй яахав. Намайг 22 настай байхад “Үнсэлтээ бүү зогсоо” киноны шалгаруулалт Нью Йорк хотноо болсон юм. Тэр үед би зориг гаргаад шалгаруултад орохоор тайзан дээр гараад гартал найруулагч дүр авахын тулд бүх хувцсаа тайлахыг шаардаж байсан. Би эхлээд тоглож байна гэж бодсон ч найруулагчийн нүд тэгэж санагдаагүй.

.

-Тэгээд цааш нь юу болов?

-Би тэр үед “Би жүжигчин болохыг хүсдэг болохоос биеэ үнэлэгч биш” гээд л тайзнаас сум шиг гүйгээд л гарсан. Харин долоо хоногийн дараа туслах найруулагч манай гэрт ирээд, кинондоо тоглох санал тавьсан.

.

-Хувцсаа тайлсан бол амархан, хялбар гэж бодох байж дээ?

-Тиймээ. Амархан юм амархан л байдаг шүү дээ. Амьдрал намайг амттай болгосон. Амархан хялбар юманд гуйлгачин хүртэл дургүй байдаг. /Инээв/

.

-Таны бага насны тухай хэнээс ч сонсч байсангүй?

-Тиймээ. Би ч ярихыг хүсдэггүй. Миний ээж бүжигчин байсан ч амьдралын эрхээр нарийн бичиг болсон. Аав минь “Air National Guard”-ын офицер байсан. Аав их шаардлага өндөртэй байсан учир намайг 5 наснаас эхлэн усанд сэлэлт, гимнастикаар хичээлүүлж эхлүүлсэн. Харин жүжиглэх авьяасаа есөн настайдаа нээж, анх “The Jungle Book” нэртэй жүжигт тоглож байлаа. Үүнээс хойш хэд хэдэн хүүхдийн театрын жүжигт тоглож 15 настай байхад минь ээж минь аавын аашийг тэвчиж чадаагүй учир тэд салцгаасан. Тэгээд л ээж бид хоёр Лос Анжелес руу нүүсэн. Одоо бодоход хамгийн сайхан дурсамж тэр үед л өнгөрч билээ. Ээж бид хоёр байр хөлслөх мөнгө байхгүй учир 5-6 сар машиндаа амьдарч, түргэн хоолоор гэдсээ дүүргэж байсан ч бид жаргалтай байсан.

.

-“South Pasadena” сургуульд элссэн орсон гэж сонссон. Шаардлага их өндөртэй сургууль шүү?

-16 настайдаа “South Pasadena”-д элссэн орсон нь амьдралыг минь бүрэн өөрчилсөн. Сургуулийн захиргаа яг л аав шиг хатуу шаардлага тавьж, өдөрт 4 цаг унтаж, 7 хэлээр ярихыг шаарддаг байсан. Сургуулийн шаардлага өндөр учир сургуулийнхаа хаалгаар түүхий хоол гаргадаггүй байсан нь надад таалагддаг байсан. Холливуудын найруулагчдын хатуу, өндөр шаардлагын өмнө өвдөг сөгдөхөөргүй мэдлэг хайрласан сургуульдаа баярлалаа.

.

-Анхны дүр?

-Би 18 настай байхдаа “Buffy the Vampire Slayer” киноны худалдагчийн дүрээр кино урлагт орсон. Харин анхны гол дүр бол 1994 онд дэлгэцнээ гарсан “The Next Karate Kid” киноны Лулигийн дүр. Энэ бүтээл бол “Karate Kid” цувралын дөрөв дэх бүтээл байсан учир, үзэгчид намайг илүү түргэн хугацаанд таньж, мэдсэн. 1999 онд “Хөвгүүдийг бүү уйлуул” киноны Жоннигийн дүрээр 25-хан насандаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Тэр үеийг одоо хүртэл зүүд гэж боддог.

.

-2004 та дахин Оскарын шагнал хүртсэн. Клинт Иствүүдийн “Сая долларын бүсгүй” киноны боксчин бүсгүйн дүрээр?

-Энэ кинонд тоглохын тулд есөн килограмм жин хасч, зургаан сар мэргэжлийн багштай бэлтгэл сургуулилт хийсэн. Эхлээд зугаатай байсан ч дараа нь уйтгартай санагдсан.

.

-Та Оскарын шагнал гардсаныхаа дараа “Би яаж энэ амжилтад хүрснээ мэдэхгүй байна. Би Беллингамаас ирсэн жирийн нэг мөрөөдөлтэй охин” гэж хэлсэнээ санаж байна уу?

-Тиймээ, санаж байна. Тод санагдаж байна. Амьдрал надад хайртай учир сайн зохиол өгөх байлгүй дээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ