Н.Алтанхуяг: Та нар будилуулсаар байгаад унагаачихлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг дор дурдсан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгохоор өөрчилсөн байлаа. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
10 хувийн татвартай биш нэг хувийн татвартай болгоё. Хүнд суртал багатай, татвараа төлөхдөө айдаг, дургүйцдэг маягаар биш урамтай төлөх эрч хүч өгсөн хуулийг татвар төлөгчдөдөө батлаад өгчихвөл ямар вэ?. Цөөнх гэдэг утгаар нь биш бие биенээ дэмжээд явбал ямар вэ? Улс төр хийлгүйгээр энэ саналыг дэмжиж өгөхийг хүсье. Баялаг бүтээгчдээ дэмжье.
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-10 хувийн татвар төлөөд 90 хувийг буцаан олгоно. Хэрвээ нэг хувийн татвар авъя гэвэл Татварын хуульд өөрчлөлт оруулах болоод байна. Ямар ч татвар төлөгч, бизнес эрхлэгч санхүүгээ тайлагнах заалттай. Үүнд ямар ч улс төрийн талцал байхгүй. Өнөөдөр үйлчилж байгаа татварын хуулийн шатлалд зохицуулж хийх нь зөв. Татварын багц хуулийг өөрчилье гэдэг ажлын хэсэг байгуулагдсан.
5
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл татварыг таван хувь болгох санал дэвшүүлж байсан юм. Мөн гишүүн Д.Оюунбаатар татвар төлөгчдийн саналыг авахгүй байгааг шүүмжилж байсан юм. Ингээд санал хураалт явуулахад гишүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжигдсэнгүй.
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Та нар будилуулсаар байгаад унагачихлаа. Жилийн 1,5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувийг аваад 90 хувийг нь буцаан олгочихъё гэсэн байсан юм. Энэ нь ЖДҮ-ийг дэмжсэн, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажилд тус дэмтэй байсан юм хэмээлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газар төслөө татаж аваад өөрчлөн оруулж ир” гэсэн юм.
6
Ингээд 2015 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр танилцуулав. Тэрбээр:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн бүтэцтэй бөгөөд эдгээр бүтцийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх бодлогын зорилт, түүний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, санхүүжилт, түүний эх үүсвэр, хариуцах яам, байгууллага, үндсэн чиглэлийн зорилт арга хэмжээ нь дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдаж байгаа эсэхийг тусгасан болно. Монгол Улсын Засгийн газар 2015 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад анхаарна. Өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглүүлнэ. Түүнчлэн, батлан хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц, дэвшил гарах юм гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ