Д.Хаянхярваа: Н.Батбаяр сайдын үлгэрийг сонсдог болоод байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.

.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-2015 он бол цаг хугацаа, сонгуулий мөчлөгийн хувьд чухал жил байгаа. 2015 оны үндсэн чиглэлийн оруулж ирсэн материалаас харахад бодитой  ажил хийгдэхээргүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелж байж, ирэх сонгуульд орно. Сайншандыг хөгжүүлнэ, эрчим хүчний V цахилгаан станцыг барина гээд л мөрийн хөтөлбөрт туссан асуудал их байгаа. Гэтэл үндсэн чиглэлд энэ  нь тусгагдаагүй байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар ямар зүйлийг тусгасан бэ? Энэ бүхнийг үндсэн чиглэлдээ яагаад тусгахгүй  байгаа юм бэ? Өндөр технологийн үндэсний судалгааны төв, иновацийн парк байгуулах асуудал яасан бэ? Монгол хүн 2021 хөтөлбөрт орсон зүйлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 70 орчим хувийг нь орхигдуулсан. 2013 оны үндсэн чиглэлийн 160-аад ажлын 110 нь биелэгдээгүй гэсэн дүнтэй байсан.

:

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Жил бүрийн үндсэн чиглэл гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тусгадаг. 2016 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрхэн биелсэнд ард түмэн дүнгээ тавина. 21 аймгийн төвийг 2015 онд багтааж хатуу хучилттай замаар холбоно. Улаанбаатар хотод Туулын хурдны зам баригдана. 50 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц өчигдөр ашиглалтад оруулсан. Дахиад ТЭЦ-III дээр өргөтгөл хийнэ. Дээр нь Шивээ-Овоо зэрэг аймагт цахилгаан станц баригдана. V цахилгаан станцыг концессийн гэрээ удахгүй батлагдана. Цементийн үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Ажлууд дэс дараатай нэмэгдээд явна. Өнөөдөр үнийн өсөлт иргэдийн санааг зовоосон асуудал мөн. Ирэх жил инфляцийг нэг оронтой тоонд барина. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрш орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгжүүлнэ. Орос, Хятадыг холбосон эрчим хүч, авто зам, хийн хоолойг барьж, холбохоор ирэх жил эхлүүлнэ.

.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Нүүрс шингэрүүлэх хөтөлбөрийг ҮХАА-н яамтай хамтран хэрэгжүүлнэ. Хятад улсад Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурсан. Наймдугаар сарын сүүлчээр хамтарсан компани байгуулахаар зорьж ажиллаж байна. Зэс хайлуулах үйлдвэрийн тухайд төслийн нэгж байгуулан ажиллаж байгаа. Гангийн, зэс хайлуулах үйлдвэр бол хүнд үйлдвэр. ҮХАА-н яамтай хамтарч хэрэгжүүлнэ.

.

УИХ-ын гишүүн М.Зоригт:

-Ирэх онд хэрэгжүүлэх ажил дэндүү чамлалтай байна. Монгол Улсын нөхцөл байдал гадаадаас хамааралтай бус. Дотооддоо учраа ололцох хэрэгтэй байх. Нөөц боломжоо дээшлүүлвэл хэд дахин илүүолон зүйлийг хийж чадах байлаа.  Цөөнхтэй учраа олох чиглэлд олонх, Засгийн газар хийж байгаа ажил байна уу? Цөөнх нь бүх зүйлийг унагаан ярьж байна. Эдийн засгийн харьцаа гэхээр хөрш хоёр орны асуудлыг л ярих юм. Бусад улс оронтой хамтарч ажиллах талаар ямар зүйл хийхээр төлөвлөөд байна вэ? Хөдөөгийн хүн ардыг хотжуулах талаар ямар ажил хийгдэх вэ?

.

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Парламентын засаглалтай улс оронд олонх, цөөнх гэж байдаг. Олонхийн шийдвэрийг цөөнх дагадаг. Улс орны төлөө нэг санаатай байх ёстой ч бид хамтарч ажиллаж чадахгүй байна. Бид цөөнх байхдаа олонхийн сайн ажлыг дэмжээд, саарыг нь шүүмжилдэг байсан. Цөөнх бүтээе гэдэг талаас нь асуудалд хандвал хамтарч ажиллая гэж байгаа. Гэтэл цөөнх хүлээж авахгүй байна. Далайд гарцтай болох асуудлаар хэлэлцээр хийж байна. Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж  байна. Ирэх долдугаар сард Монгол-Японы хооронд чөлөөт худалдаа хийн асуудлыг хэлэлцэнэ. Хөдөөнөөс хот руу чиглэж байгаа асуудлыг сааруулахын тулд аймгийн төвийг хатуу хучилттай замаар хангах, сумыг хөгжүүлэх гээд олон арга хэмжээ авч байгаа. Аймгийн төвүүдийг хотын статустай болгоё, гудамж төсөл хэрэгжүүлэх ажил явагдаж байна.

.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

-Бид Н.Батбаяр сайдын үлгэрийг л сонсдог болоод байна. “Манай орон өргөн уудам нутагтай...” гээд л эхлэх юм. Одоо асууя гэхээр  ч инээдэмтэй болоод байгаа. 2015 онд нийт импортыг найман хувиар нэмэгдүүлнэ гэжээ. “Эдийн засгийн хурдтай хөгжил нь хүн амын худалдан авах чадвар сайжирч, импортыг нэмэгдүүлж байна”  гээд дэндүү худлаа ярьжээ. Иргэд орон сууцны зээлээ төлөх гэж чардайж, том компанийг ажилчдаа 100-гаар нь халж байна. Хаана эдийн засгийн хурдтай өсөлт байна вэ?

.

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Орон сууцны зээлийг Засгийн газар хэрэгжүүлсэн. Үүнийг цаашдаа ч Засгийн газар явуулна. Найман хувийн зээлийг МАН зогсоох гэсэн бодол байхгүй байлгүй. Өнөөдрийн ханш ийм байдалд хүрсэн нь та бүхний оруулсан хувь нэмэр их. Оюутолгойн хөрөнгө оруулалт дууссан.  Таван тэрбум төгрөгийн бонд босгоод ажил зохион байгуулсан.

. Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. . Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ