Охин компанийг удирдах Австрали эрхмийг угтаж авахгүй түр азнахын учир юу вэ

img

Эрдэнэс-Тавантолгойг удирдах Австрали захирлын томилгоо дахиад л хойшилсон байна. Энэ сарын 11-ний өдөр ТУЗ хуралдаж Австралийн иргэн Russell Norman Philipps гэгч эрхмийг Гүйцэтгэх захирлын суудалд албан ёсоор суулгах ёстой байсан ч 18-ны өдөр болгон хойшлуулсан юм.

Тэгвэл өчигдөр ТУЗ-ийн хурал дахин хойшлогдож ирэх долоо хоногийн даваа гариг буюу 24-ний өдөр болохоор товлогджээ. 15 сая ширхэг хувьцаатай байхаар дүрмэндээ тусгасан тус компани дэлхийд цөөхөн үлдсэн их хэмжээний нөөцтэй ордуудын нэг гэгдэж буй Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тул Засгийн зааврын дагуу алхмуудаа хийх юм. Тэгэхээр Монголын Засгийн газар Тавантолгойн ордтой холбоотой асуудал дээр Австраличуудтай тун шадар харилцаж байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон энэ үед ийнхүү захирлын томилгоо албан ёсоор баталгаажихгүй байгааг цаад нөхөр нь цалингаа голоод байгаагаас болж байна гэж тайлбарлах хэсэг бий. Үнэн хэрэгтээ энэ нь өнгөлөн далдалсан хариулт байж тун болзошгүй байна.

Учир нь Тавантолгойн ордын Цанхийн зүүн баруун хэсэгт байгуулах хоёр уурхайд хүч түрэн орж ирэх сонирхлоо илэрхийлж байгаа гадаадын олон шилдэг компаниуд байна. Тэдний зүгээс манай талынхантай тохиролцоо хийхээр хэрэндээ хор найруулж байгаа гэх мэдээлэл ч байна. Мөн Австралийн талаас ч тодорхой саналуудыг тавьсан гэж байна.

Энэ мэт нь манай Засаг дахь эрхмүүдийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй юм. Түүнчлэн Цанхийн зүүн хэсэг олборлолт хийх оператор компанийг шалгаруулах тендерийг хүчингүй болгосонтой зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой” охин компанийг Австрали хүн удирдана гэх мэдээлэл яригдаж байв. Харин хүчингүй болсон тендерийн сүүлийн шатанд гадаадын 11 компаниас шигшигдсэн Австралийн хоёр компани тунаад байсан. Тэдгээр нь “Лейтон Эшиа” “Макмахон” лимитед байсан.

Харин “Лейтон Майнинг”-ийн Хонгконг дахь охин компаний салбар “Лейтон Эшиа”-д ялах магадлал өндөр байгаа талаар яригдаж байсан ч тендер гэнэтхэн хүчингүй болсон нь эргэлзээ дагуулдаг. Тэгвэл өдгөө дахиад л эргэлзээ дагуулсан мэдээлэл байгаа нь Австралийн компаниуд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх эрхийн төлөө дахин ханцуй шамласан гэж байна.

Тэгэхээр ийм мэдээлэлтэй зэрэгцэн Австрали захирлын томилгоо долоо, долоо хоногоор хоёр удаа хойшлоод байгаа нь анхаарал татаж байна. Гэхдээ чухам ямар тохиролцоо явагдаж буй нь тун удахгүй тодорхой болох нь ойлгомжтой.

Э.Болороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ