Хятад мотоциклийг хориглох санал тавилаа

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортоор орж ирж байгаа мотоциклийн техник болон ашиглалтын аюулгүй байдалд тандалт судалгаа хийжээ. Судалгааны үндсэн дээр  мотоцикльтой холбоотой ослыг бууруулахын тулд Зам тээврийн яам болон аймгуудын Засаг дарга нарт МХЕГ-ын даргын албан тоотыг хүргүүлэхээр болсон байна.

6

Гаалийн Ерөнхий газраас гаргасан судалгаагаар манай улсад өнгөрөгч онд 18 оронд үйлдвэрлэсэн мотоцикль импортоор орж иржээ. Үүний ихэнх хэсэг буюу 97.1 хувийг БНХАУ-аас орж ирсэн мотоцикль эзэлж байгаа аж. Мөн онд мотоциклийн 330 осол гарсан нь бүгд хятад мотоцикль ашигласантай холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Уг мотоциклийг зориулалтын бус зам буюу хад асга, бартаа ихтэй газар унах, хурд, хүчийг тааруулж ашиглаагүйгээс осол аваар гардаг байна. Тиймээс Хятад улсаас орж ирж буй мотоциклийн техник хийцийг нь шалгаж манай улсын байгаль орчин цаг уурын нөхцөлд зохицох үгүйг нь тогтоолгож шаардлагатай бол зарим нэр, төрлийг нь импортлохыг хориглох шийдвэр гаргуулах саналыг Зам тээврийн яаманд хүргүүлж байгаа юм.

6

Мөн мотоциклийг хилээр нэвтрүүлэхэд шалгалт хийх зөвлөмж боловсруулах, мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгааг таслан зогсоож бүртгэлийг сайжруулах зэргийг санал болгожээ. Харин аймгуудын Засаг дарга нарт иргэдийнхээ мотоциклийг бүртгэлд хамруулж, улсын дугаартай болгох, мотоциклиос үүдэлтэй ослыг бууруулахын тулд цагдаагийн байгууллагатай уялдаатай ажиллах үүрэг чиглэлийг өгч байна.

 6

Хятад мотоциклийг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахгүй  

 6

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төвөөс хийсэн судалгаагаар өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклийн 330 осол гарч 112 хүн амиа алдаж, 191 хүн гэмтэж бэртэн, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Шалтгаан нь дээр хэлсэнчлэн уул хад, бартаатай замд тохирохгүй, ослоос хамгаалах хувцас хэрэглэл өмсөөгүй, согтуугаар жолоо барьснаас болсон гэнэ. Мөн мотоциклиор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйлдлээс болж 10 хүний амь нас эрсдсэн тухай мэдээлэл байна.  Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай гэх таван аймагт мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ буюу иргэдэд таксины үйлчилгээ үзүүлдэг аж. Эдгээр аймагт үйлчилгээ үзүүлдэг нийт 258 хятад мотоциклийн үйлчилгээг зогсоохоор болжээ. Тэд ашиглалтын байдал хангалтгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр иргэдэд үйлчилж байсан байна. Энэ шаардлагын дагуу Өвөрхангай, Дорнод аймгийн ЗДТГ-аас мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхийг зогсоожээ. Манай улсын Автотээврийн тухай хуулинд мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар ямар ч заалт, зохицуулалт байдаггүйг мэргэжлийн хяналтын байцаагч онцолсон.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ