Зургаан хуруутай хаалгач бразилчуудыг зогсоов
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ хэсгийнхээ хоёр дахь тоглолтод Мексикийн хурдтай, адтай багийг хожиж чадалгүй, гоолгүй тэнцлээ. Тоглолтын гол баатраар Мексикийн хаалгач Гильермо Очоа тодров. Баруун гартаа зургаан хуруутай төрсөн Очоа Неймарын хоёр ч гарцаагүй гоол болохоор цохилтыг хаасан юм.
1
Бразилийн төрийн дуулал тоглолтын өмнө эгшиглэхэд Неймарын сэтгэл догдолсондоо нулимсаа барьж дийлэлгүй, нүүрээ дарж үзэгдсэн. Гэлээ ч бразилчуудын довтолгоо хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, баясгаж чадахааргүй байлаа. Ялангуяа Халк гэмтсэн тул түүний оронд “Челси”-гийн Рамиресийг гаргасан ч зүүн жигүүрт сайн тоглосонгүй. Тиймээс хоёрдугаар үед дөнгөж 166 см өндөртэй Бернардыг Рамиресийн оронд гаргаад ч Бразилийн зүүн жигүүр сайн ажилласангүй. Тоглолтын явцад Неймар Очоагийн баруун буланд тун сайн мөргөсөн ч хаалгач энэ орой үнэхээр гайхалтай байж чадлаа. Очоа Бразилийн 4-5 гоолын цохилтыг хааж чадсан.
1
Мексикийн шигшээ пентакампеонуудаас огт эмээлгүй хариу довтолж, хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. Дэлхийн аваргаар бразилчуудтай талбайд нь тэнцсэн Мексикийн шигшээ хэсгээсээ гарах магадлал өндөртэй үлдлээ. Тэд үлдсэн тоглолтод Хорваттай тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах юм. Хэдийгээр Мексикийн баг олон удаа Дэлхийн аваргад оролцож байсан ч шөвгийн наймаас цааш ахьсан удаагүй юм. Харин Бразилчуудын хувьд сүүлийн тойрогт Камеруныг гарцаагүй хожиж байж хэсгээ тэргүүлэх шаардлага тавигдаж байна.

1
Бразил - Мексик 0:0
Бразил: Жулио Сезар, Алвеш, Силва, Луис, Марсело, Густаво, Паулиньо, Рамирес (Бернард 46), Оскар (Виллиан 84), Неймар, Фред (Жо 68)
Мексика: Очоа, Маркес, Родригес, Морено, Васкес, Агилар, Эррера (Фабиан 76), Гуардадо, Лаюн, Перальта (Эрнандес 74), Дос Сантос (Хименес, 84)
Шар хуудас: Рамирес, Агилар
1
Бельгийн залуус Алжирыг зүдэрч хожив
1
Бельгийн шигшээ багийг энэ дэлхийн аваргаар хагас шигшээд ч хүрч магадгүй гэж өндөр итгэл найдвар хүлээлгэж буй хүн олон. Гэвч залуусаас бүрдсэн Улаан чөтгөрүүд хэмээх Бельгийн шигшээ эхний тоглолтдоо Алжирт бүдэрчих дөхлөө. Гэвч нэгдүгээр үеийн дундуур алдсан гоолоо хоёрдугаар үеийн төгсгөлөөр нөхөж, улмаар хожлын гоолыг “Манчестер Юнайтед”-ын Маруан Феллаини оруулж чадсанаар 18 сая элэг нэгтнүүдээ баярлуулав. Бельги залуус талбай дээр удаан, цохилт нь сул, зохион байгуулалт ч муутай харагдаж байсан. Үүнийг дасгалжуулагч нь залуу тоглогчдынхоо тэмцээнд анх тоглоод сандарсан холбон дараа нь тайлбарласан юм.
1
Нэгдүгээр үеийн дундуур Вертонген Фегулиг торгуулийнхаа талбайд өмнөө алдсандаа сандарч араас нь гараараа татаж унагасныхаа төлөө хаалгандаа пенальти заалгачихсан. Пенальтийг Фегули өөрөө гүйцэтгэж, Африкийн баг Улаан чөтгөрүүдийг түгшээж орхив. Хоёрдугаар үед Бельгийн шигшээ Чадлигийн оронд Мертенс, Лукакугийн оронд Оригу, Дембелегийн оронд Феллаиниг гаргасан нь тун оновчтой сэлгээ боллоо. Марк Вильмотсын сэлгээгээр гаргасан гурван хөлбөмбөгчөөс Мертенс тоог тэнцүүлсэн бол Феллаини хожлын гоолыг оруулсан.
1
Хэдийгээр Бельгийн шигшээ хожсон ч гэсэн хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөг сонирхогчдын хүлээсэн чинээнд огт хүрсэнгүй. Харин хялбархан хожигдоно гэгдэж байсан цөлийн үнэгнүүд хэсгийнхээ үлдсэн хоёр тоглолтод оноо авах найдлага бий гэдгээ харууллаа.
1
Бельги - Алжир 2:1
Гоол: Фегули 24-пен, Феллаини 70, Мертенс 80,
Бельги: Куртуа, Вертонген, Компани, ван Бюйтен, Альдерверейрельд, Дембеле (Феллаини, 65), Витсель, Азар, де Брейне, Чадли (Мертенс, 46), Лукаку (Ориги, 58)
Алжир: Мболи, Мостефа, Бугерра, Аллиш, Гулам, Тайдер, Межани (Гиля, 84), Бенталеб, Фегули, Судани (Слимани, 66), Марез (Ласен, 71)
Шар хуудас: Вертонген, Бенталеб
1
Капеллогийн төрсөн өдрөөр Акинфеев таагүй бэлэг барив
1
Мексикийн хаалгач Гильермо өчигдөр Бразилийн дөрвөн ч гоол болохоор цохилтыг хааж баатар болсон бол Оросын хаалгач Игорь Акинфеев бүдүүлэг алдаа хийснээр багаа хөөдөж орхилоо. Оросын шигшээгийн хаалганд олон жилийн турш зогсож буй Акинфеев хэд хэдэн удаа бөмбөгийг хэт ойлгож, тэвдсэн бол эцэстээ хялбархан барьчихаар бөмбөгийг мөн л ойлгож хаалгандаа алдав.
1
Фабио Капеллогийн 68 насны төрсөн өдрөөр ийнхүү Оросууд Өмнөд Солонгосыг хожиж чадалгүй, 1:1-ээр тэнцлээ.
Сонирхолтой нь тоглолтыг шүүсэн Аргентины Нестор Питанагийн 39 насны төрсөн өдөр мөн тохиосон юм.
1
Эхний үед Оросын шигшээ дасгалжуулагчийнхаа хатуу зааврын дагуу өндөр прессинг хийж, хурдан арагш татаж тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеийн эхэнд солонгосууд биеийн бэлтгэлээр илүү байгаагаа харуулж, удаа дараалан довтолсоор гоол оруулж дөнгөсөн.
Гэвч Оросын шигшээ багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч Александр Кержаков тоог тэнцүүлж чадлаа. Кержаков Оросын шигшээ багаас12 жилийн өмнөх Дэлхийн аваргад оролцож байсан ганц хөлбөмбөгч юм. Энэ удаагийн Оросын шигшээ багт нэг ч легионер тоглогч байхгүй. Бүгд Оросын Премьер лигийн багтаа тоглодог хөлбөмбөгчид юм. Одоо Оросын шигшээ Бельгийг зайлшгүй хожих шаардлагатай боллоо. Тэгж байж хэсгээсээ гарах магадлалтай болох юм.
1
ОХУ - Өмнөд Солонгос 1:1
Гоол: Ли Гын Хо 68, Кержаков 74.
ОХУ: Акинфеев, Ещенко, В.Березуцкий, Игнашевич, Д.Комбаров, Файзулин, Глушаков (Денисов, 72), Шатов (Загоев, 59), Самедов, Жирков (Кержаков, 71), Кокорин.
Өмнөд Солонгос: Чон Сон Рен, Ли Юн, Хон Жон Хо (Хван Сок Хо, 72), Ким Ен Гвон, Юн Сук Ен, Ан Гук Ен, Ки Сон Ен, Ли Чун Юн, Гу Ча Чоль, Сон Хын Мин (Ким Бо Ген, 84), Пак Чу Юн (Ли Гын Хо, 56).
Шар хуудас: Сон Хын Мин (13), Ки Сон Ен (30), Шатов (49), Гу Ча Чхоль (90).
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ