Сингапурын сонирхол нааш эргэв үү
“Хот төлөвлөлт ба Сингапурын улсын туршлага” сэдэвт сургалт семинар өчигдөр эхэлсэн билээ. Барилга, хот байгуулалтын яам, ТОСК, Барилгын хөгжлийн төвийн хамтран зохион байгуулж байгаа уг сургалт семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн ноён Ма Боу Тан, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл, Сингапурын амьдрах таатай хотууд төвийн төлөөлөгчид оролцож байгаа аж. Тэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд энэ сарын 21 хүртэл манайд ажиллах юм байна.
ө
Сингапурын төлөөлөгчид манай улс зорилтот бүлгээ хэрхэн орон сууцжуулж байгаа болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар ихээхэн сонирхож байгаа гэнэ. Мөн тэд “Буянт ухаа-I, II” хорооллын ажлын явц болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан байна.
ө
Дашрамд дуулгахад Улаанбаатар хотод Сингапур хороолол барих тухай асуудал нэлээд яригдаж байгаа. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар Сингапур улсад болсон дэлхийн хотуудын дарга нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын парламентын гишүүн Ма Боу Тан-тай уулзаж, Улаанбаатарт Сингапур хороолол барих төсөлд хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм. Харин энэ удаа Сингапурын парламентын гишүүн Ма Боу Тан өөрийн биеэр манай улсад ирж, орон сууцны хөтөлбөрийн талаар сонирхож байгаа нь уг асуудлыг ихээхэн сонирхож байгаагийн илрэл биз ээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ