Л.Хангай: Төмөр замыг геополитик бас геостратегитай холбож ярих хэрэгтэй

img

2014 оны 6 сарын 18

.

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан “Оросын төмөр замууд” (РЖД) нийгэмлэгийн Монгол дахь охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хангайтай төмөр замын хөгжлийн талаар ярилцлаа.

.

-Манай сонинд саяхан нийтлэгдсэн Орос-Монголын харилцааны талаархи таны ярилцлагыг олон хүн нэлээд сонирхлоо. Энэ удаа тантай зөвхөн төмөр замын талаар ярилцах гэсэн юм. Та дипломатч хүн байж яаж яваад төмөр замтай холбогдчихов оо?

-Төмөр замтай холбогдсон тухайд, 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин нар манай оронд айлчлах үеэр “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, шинээр төмөр зам барих талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу энэ ажлыг хариуцах “Дэд бүтцийн хөгжил” гэдэг хамтарсан компани байгуулагдсан юм. Тэр жил миний ОХУ-д суугаа Элчин сайдаар ажиллах томилолтын хугацаа дуусч байсан юм. Тэгээд л намайг энэ компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллахыг санал болгохоор нь миний бие зөвшөөрсөн хэрэг. Энэ нь татгалзах аргагүй, хэн хүнд тохиогоод байхааргүй санал байсан л даа. Яагаад гэвэл Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам ” бол манай хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үр өгөөжтэй, ашигтай төсөл. Маргаангүй үнэн гэвэл энэ төмөр замтай Монгол орны хөгжил шууд холбоотой. Өнөөдрийн Улаанбаатарын байшин барилгууд, Дарханы үйлдвэрүүд, “Эрдэнэт” комбинат энэ бүгд чухамхүү төмөр замын ачаар л сүндэрлэн боссон. “Улаанбаатар төмөр зам” нэгэн үе МонголУлсын ачаа тээврийн 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байсныг энд зориуд тэмдэглэмээр байна. Манай орны цаашдын хөгжил энэ зам болон шинээр баригдах төмөр замтай бас л холбоотой байх нь тодорхой.

_

-“Дэд бүтцийн хөгжил” компани өнгөрсөн хугацаанд чухам ямар ажил амжуулсан, одоо юун дээр ажиллаж байгаа вэ?

-Манай компанидэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын “Бостон консалтинг групп”(BCG)-тэй хамтарч “Монгол Улсын Төмөр замын  дэд бүтцийн хөгжлийн бодлого ба үзэл баримтлал”, “Эрнст энд Янг” компанитай хамтарч “Монгол Улсын Төмөр замын дэд бүтцийн хөгжлийн санхүүжилтын үзэл баримтлал”, РЖД-гийн “Гипротранстэи” болон “Росжелдорпроект” компанитай хамтарч шинээр барих зарим төмөр замын урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл, тооцоо зэрэг баримт бичгийг боловсруулсан. Эдгээр нь УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад тулгуур баримт бичиг болж өгсөн юм. Манай компани шинээр баригдахаар зарлагдсан төмөр замуудын хэд хэдэн тендерт оролцохоор саналаа өгсөн ч тодорхой учир шалтгааны улмаас шийдэгдээгүй байна. Эцэстээ компанийнОросын талын үүсгэн байгуулагч РЖД-гээсМонголын талын хувийг авах саналыг манай Засгийн газарт тавьсныг Засгийн газар зөвшөөрч зохих шийдвэр гаргасан.Тийм учраас РЖД “УБТЗ”-ын шинэчлэл, шинээр төмөр зам барих зэрэг төсөлд “Дэд бүтцийн хөгжил” ХХК-иараа дамжуулан оролцох болно гэдгээМонголын талд удаа удаа мэдэгдээд байгаа.

.

-Тэгвэл “Дэд бүтцийн хөгжил” компани одоо Оросын компани болчихсон хэрэг үү?

-Тэгсэн, зуун хувь РЖД-гийн охин компани болсон.

.

-“Улаанбаатар төмөр зам”-ын ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-аас ирсэн төлөөлөгчид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцаж тодорхой тохиролцоонд хүрсэн үү?

-ОХУ-аас РЖД-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов тэргүүтэй төлөөлөгчид ирж ойн арга хэмжээнд оролцсон. Хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцсон л доо. Гэхдээ миний бодлоор энэ айлчлалаас хэдэн хоногийн өмнө ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын хийсэн айлчлал илүү ач холбогдолтой гэж үзэж байна. Н.П.Патрушевыг их өргөн бүрэлдэхүүн дагаж ирж, чиглэл чиглэлээр уулзалт хийсэн гэж сонссон. ОХУ-д бодлогын гол асуудлуудыг юуны өмнө Аюулгүйн Зөвлөл дээрээ шийддэг. Тийм учраас Монголтой холбоотой томоохон төслүүд, түүний дотор төмөр замтай холбоотой асуудлыг урагшлуулахад энэ айлчлал чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Нөгөө талаас Н.П.Патрушев ОХУ-ын Ерөнхйилөгч В.В.Путиний хамгийн ойрын хүрээний хүн тул түүнд ярьсан зүйл В.В.Путинд шууд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно.

.

-Төмөр замыг геополитиктой холбож их бичих юм. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тэгж ярьж, бичих нь бас аргагүй юм билээ. XIX зууны сүүлээр АНУ-д Атлантын далайн эргээс Номхон далайн эрэг хүртэл төмөр зам тавьснаар эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжих үндэс тавигдаж улс орны нэгдмэл байдал нь улам баталгаажсан байдаг. Хаант Орос улс зүүн хойд Хятад дахь өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Дорнод Хятадын төмөр замыг тавьсан.  Орос-Японы дайныг ч мөн энэ төмөр замтай холбоотой гэж үздэг. Төмөр зам тавигдсанаар энэ бүс нутгийн хүн ам 30 жилийн дотор найман сая байснаа 38 сая болтлоо нэмэгдэж, эдийн засгийн хөгжлөөрөө Хятаддаа тэргүүлэх болсон байдаг. Өнгөрсөн зууны эхээр манай хойд хөрш Хиагтаас Хүрээ хүртэл, урьд хөрш Хаалганаас Хүрээ хүртэл төмөр зам тавихаар ярьж байсан боловч санхүүгийн болоод бусад олон учир шалтгааны улмаас тавьж чадаагүй. Хэрэв аль нэг нь тавигдсан бол Монгол орны өнөөгийн дүр зураг их өөр байх байсан нь мэдээж. Тухайн үед нэг километр төмөр замыг үйлчилж ажиллуулахад 20-25 хүн хэрэгтэй байдаг байсан байна. Цөөхөн хүн амтай нүүдэлчин монголчууд ийм ажил хийж чадахгүй байсан нь мэдээж учир гадны ажилчид ирж суурьшин ажиллах байсан байх л даа. Бас тэгээд төмөр зам дагаад хот суурин газрууд бий болдог жамтай. Дэлхийн II дайны дараа манай улсын статус-кво олон улсын хэмжээнд баталгаажсан, бас найрсаг харилцаатай хоёр улстай хиллэх болсон тул нөхцөл байдал өөр болсныг бид мэднэ.

.

Төмөр замыг геополитиктой холбож ярихын зэрэгцээ бас геостратеги, геостратегийн ач холбогдолтой төмөр замын тухай ярих хэрэгтэй юм билээ. Манайд геостратегийн ач холбогдолтой төмөр зам гэвэл Орос, Хятадыг холбосон одоо байгаа энэ зам яах аргагүй мөн. Энэ зам Орос, Хятад гэсэн хоёр аварга зах зээлийг холбоод зогсохгүй ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятадыг Европтой холбож байна. Иймд бид “Улаанбаатар төмөр зам”-аа хос замтай болгож цахилгаанжуулах ажлаа яаралтай хийж транзит тээврээ нэмэгдүүлж чадвал том уурхайнуудаас илүү ашиг олохоос гадна Евразийн геополитик, тээврийн интеграцидөөрийн орны байр суурийг бэхжүүлж авна гэдгийг бодолцох хэрэгтэй.

.

-Одоо тэгвэл манайх хаашаа, ямар царигтай зам барих нь зүйтэй гэж үздэг вэ?

-Хариулт тодорхой шүү дээ. УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлаад өгсөн. Бодлогын энэ баримт бичигт хаашаа хэдэн километр зам ямар зорилгоор барих гэх мэт бүх зүйлийг заачихсан байгаа. Тэр ч битгий хэл царигийнхаа асуудлыг шийдэх арга замыг хүртэл хэлээд өгсөн байдаг. Ажиглаад байхад эхлүүлэх дараалал дээр маргаан байдаг бололтой. Төр, засаг шийдэх ёстой асуудлуудаа яаралтай шийдээд ажлаа эхлүүлбэл замыг богино хугацаанд барих бололцоотой гэж үзэж байна. Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 700 гаруй километр төмөр замыг эхэн үедээ Зөвлөлтийн хоригдол цэргүүд, сүүлдээ гэрээт ажилчид 1953-1956 онд,өөрөөр хэлбэл ердөө гуравхан жилийн дотор барьсан байдаг. Тухайн үед техник гэж юу байлаа гэдгийг санах хэрэгтэй. Дээд тал нь таван тонны л самосвалтай байсан биз. Мэдээж трактор, экскаваторуудыг нь одоогийнхтой зүйрлэхийн ч аргагүй. Ер нь “Улаанбаатар төмөр зам”-ыг тухайн үеийн ЗХУ-ын хүч, хөрөнгөөр барьсан гэдгийг дахин сануулж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайн үед техник гэж юу байлаа гэдгийг санах хэрэгтэй. Бас Соловьевск-Эрээнцав-Баянтүмэнгийн 238 километрөргөн төмөр зам, Хэрлэн-Тамсагбулагийн 380,5 километр нарийнтөмөр замыг 1939 оны Халх голын дайны үед оросууд ажлын 76 хоногт багтаан барьж байсан баримт хүртэл бий. Яахав, хүнд даацын зам биш байсан гэдэг нь ойлгомжтой л доо. Энд сонирхуулж хэлэхэд нэгэнт ашиглахгүй болсоннарийн төмөр замын рельс төмрийг манайхан хожим нь хуулж аваад аймгуудыг холбосон телефон утасны шугамын шонгийн хөл хийж ашигласан байдгийг одоо ч хөдөө явж байхдаа ажиглаж болно. Манайд төмөр зам барихад тунель гаргаад байх уул нуруу, том гүүр тавиад байх гол мөрөн ховор шүү дээ. Одоо техник, технологи боловсронгуй болсныг тооцох хэрэгтэй. Ингээд бодох юм бол төрийн бодлогод туссан замуудыг хэдхэн жилийн дотор барьчих бололцоо бий. Харин яаж санхүүжүүлэх, хэнээр бариулахаа төр, засаг хурдан шийдэх хэрэгтэй. Энд зориуд хэлэхэд, манай орны төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хоёр хөршийнхөө төмөр замын байгууллагуудтай нягт уялдаатай ажиллах хэрэгтэй. Төмөр замын асуудлаар гурван талын өндөр хэмжээний уулзалт хийх талаар манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаа нь үнэхээрийн чухал. Үүнд маш сайн бэлтгэж оролцох ёстой.

 .

Л.Хангай: Ойлголцож чадвал хийн хоолойг Монголоор дайруулах нь оросуудад ч ашигтай

.

2014 оны 6 сарын 3

_

Сүүлийн үед манай төр, засгийн тэргүүнүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ойр ойрхон уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан юм.

_

-Та одоо хаана, ямар ажил эрхэлж байна вэ?

-Би одоогоор “Оросын төмөр замууд” (РЖД)  нийгэмлэгийн охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн даргын данстай. Яагаад данстай гэж байна вэ гэхээр энэ компани одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байгаа. Уг нь анх 2009 онд тэр үед ОХУ-ын Ерөнхий сайд байсан В.В.Путинийг манай улсад айлчлах үеэр шинэ төмөр зам барих, УБТЗ-ыг шинэчлэх ажилд оролцох зорилготойгоор хамтарсан компаний хэлбэрээр байгуулагдсан.Сүүлдээ зуун хувь РЖД-гийн охин компани болсон юм. Үүнээс гадна Беларусь улсын Өргөмжит консул, нэгэн ТББ-ын тэргүүн зэрэг ажлыг хийж байна даа.

_

-Таныг Элчин сайдаар ажиллаж байх үед манай хоёр орны харилцаа нэлээд идэвхтэй, эрчимжиж  байсан санагдах юм?

-Би өөрийгөө их азтай Элчин сайд гэж боддог. Учир нь Монгол орон оросуудын хувьд ид “моод”-нд орсон үе байлаа. Чухам энэ үед Оросын бизнесмэнүүд нилээд хүчирхэгжиж гадаад зах зээлд ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж ирсэн юм. Нөгөө талаасгэвэл манайд гаднын томоохон компаниудад санал болгох Тавантолгой, Оюутолгой, Асгатын орд зэрэгтэй холбоотой төслүүдийг боловсруулж бэлэн болоод байлаа. Мэдээж эдгээрийг дагаад дэд бүтцээ шинээр барих асуудал гарч ирсэн. Мөн энэ үед өмнөд хөршийн эдийн засаг улам бүр эрчимтэй хөгжин түүхий эд, эрчим хүчний хэрэглээ огцом өссөн байсан.

.

2007 онд Улаанбаатарт Монгол-Оросын эдийн засгийн бизнес форум зохион байгуулахад Оросын төр, хувийн хэвшлийн бизнесийн 200 орчим төлөөлөгч 10-аад онгоц хөлөглөн ирж оролцож байлаа. Энэ форумыг санаачлагч нь байсан гэдгээ бас дурдах нь зүйтэй болов уу. Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хоёр талдаа өндөр дээд хэмжээний айлчлал 10 гаруй удаа болсон байпаг юм. Манай хоёр орны Ерөнхийлөгч нар 2006 онд Москвагийн тунхаглалд гарын үсэг зурж стратегийн түншлэл тогтоосноо зарлаж, 2009 онд Улаанбаатарын тунхаглалаар стратегийн түншлэлээ хөгжүүлэхээ тохирч байлаа. Зөвхөн 2009 онд л гэхэд манайд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин, Холбооны Зөвлөлийн Дээд танхимын дарга С.М.Миронов, Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар айлчлан ирж билээ.

.

-Хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг та яаж харж байна?

-Улс төр, батлан хамгаалах, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, соёл, боловсролын зэрэг салбарт маш сайн байгаа гэж хэлэх байна. Гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэлээр уулзалт, айлчлалыг байнга хийж төрөл бүрийн хамтарсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Боловсролын салбарт гэхэд манайхаас жил бүр 1500 гаруй хүүхэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэдний их, дээд сургуульд суралцахаар явж байна. Тодотгон хэлэхэд манайх тэтгэлгийн хамгийн өндөр квоттой орон. Энд харин эрх зүй, эдийн засаг зэрэгнийгмийн ухааны биш, инженер-техникийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй гэж бодогддог.

_

Одоо бөгөөд цаашдаа онцгой анхаарах салбар гэвэл худалдаа-эдийн засгийн салбар байна. Манай улс дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хиллэдэг тул тэдэнтэйгээ зөв харилцах нь манай орны хөгжил, цаашдын хувь заяатай холбоотой,энэ маш чухал асуудал. Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг, стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоогоод байгаа хэдий ч эдийн засгийн салбарт тэдэнтэй тэнцүү харилцаж чадахгүй байна. Жишээ нь, манай экспортын 90 гаруй хувь БНХАУ-д оногдож байхад ОХУ-д ердөө хэдхэн хувь оногдож байна. Гадаад худалдаанд ийм байх нь бас байж болох асуудал гэж үзэж болох. Гэтэл хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Оросын талаас манайд оруулсан хөрөнгө оруулалт Хятадынхаас хэдэн арав дахин бага байгааг үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Оросын зарим томоохон компани хөрөнгө оруулж эхэлсэн боловч тодорхой учир шалтгааны улмаас оруулсан хөрөнгөө татаж эхэллээ. Ер нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл байхгүй байна. Асгатын мөнгөний ордыг эзэмших болон шинэ төмөр зам барих, уран олборлох, боловсруулахад хамтарч ажиллахаар ярьж ажил болгож эхлүүлэх талаар В.В.Путин, Д.А.Медведев нарын 2009 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан хэдий ч нэгийг нь ч бодитой ажил болгоогүй байгаа.

_

-Эдгээр асуудал Таныг Элчин сайдаар ажиллаж байхад л яригдаж эхэлсэн. Одоо ажил болгож хөдөлгөхийн тулд  цаашид яах нь зүйтэй вэ?

-Асгатын мөнгөний ордын талаар Оросын “Ростехнологии”-тай хамтран дагнасан компани байгуулах гэж байгаа тухай хэвлэл мэдээллээс уншсан. Энэ нь зөв байх л даа. Гэхдээ “Ростехнологии” уг ордыг өөрөө ашиглахгүй, мөнгөний ордын ашиглалтаар төрөлжсөн өөр компани, тухайлбал, манайхны өмнө нь санал тавьж байсан “Полиметалл” компанид хандах байх аа. Энэ бол мөнгөний ордоор дагнасан дэлхийн хэмжээний том компани юм. Гэхдээ уг компани дахин сонирхох эсэх нь эргэлзээтэй л дээ. Төмөр замын хувьд гэвэл юуны өмнө УБТЗ-ыг шинэчилж дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нь эрс нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй байна. РЖД-гийн удирдлага манай нутгаар дамжин өнгөрөх ачааг жилд 40 сая тонн хүргэх бололцоотой гэж үздэг. Мөнойролцоо нь хоёр тэрбум гаруй тонны нөөц бүхий коксжих нүүрсний ордтой гэгдээд байгаа Кызылээс Эрдэнэт, эсхүл манай хилийн ойролцоо байдаг Хятадын Өрөмч хот хүртэл төмөр зам барих саналыг дэмжвэл ашигтай санагдана. Ийм зам баригдсанаар төмөр зам дагуухь нутгийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэхээс гадна нөхөгдөшгүй баялаг болох ашигт малтмалаа хөндөхгүйгээр дамжин өнгөрөх тээврээс үлэмж орлого олох боломжтой. Энэ дашрамд дурдахад ашигт малтмал, түүний дотор нүүрсний экспортын хувьд манайх ОХУ-тай өрсөлдөнө гэх маягтай зүйл бичих юм. Оросын Кемерово муж гэхэд л жилдээ 200 сая тонн нүүрс олборлож үлэмж хэсгийг нь экспортолдог. Хэрэв манайхаар дамжуулж тээвэрлэдэггүй юм гэхэд тээвэрлэх өөр арга замаа тэд олж л таарна. Иймд тэдний, эсхүл гадны орны хөрөнгө оруулалтаар шинэ зам бариад нүүрсийг нь тээвэрлэж орлого олох боломжийг илүү анхаарахнь ашигтай гэж бодож байна. Уран олборлох, боловсруулах асуудлын хувьд Оросын талтай хэлэлцээгээүргэлжлүүлэн хийж тодорхой тохиролцоонд хүрэх байлгүй дээ.

_

-Энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр их хэмжээний байгалийн хий нийлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Харин хийн хоолойг татахдаа  манай улсын нутгаар дайруулахыг манай тал хүслээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хоёр хөршийн эдийн засгийн харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн 2013 онд хоёр орны худалдааны эргэлт 90 тэрбум ам.доллар байсныг 2020 он гэхэд, өөрөөр хэлбэл ердөө зургаан жилийн дараа 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаагийн дийлэнх нь ОХУ-аас байгалийн хий, нефть нийлүүлэх асуудал гэж ойлгож болно. ОХУ байгалийн хийн томоохон ордуудыг ашиглах “Сила Сибири” төслийг эхлүүлж байгаа.2017 он гэхэд Эрхүү хүртэл хийн хоолой тавихаар төлөвлөөд байна. Хэрэв Эрхүү хот хүртэл хийн хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар Хятад хүртэл тавих асуудлыг яг одоо ярих нь зөв. Ер нь бол Монгол Улсын баруун болоод зүүнээр гэсэн ойролцоо урттай хоёр маршрут яригдаж байгаа.Ялангуяа баруун маршрут нь байгалийн саад бэрхшээлээс гадна дархан цаазтай газар болон улс төрийн хувьд тогтворгүй байгаа Шиньжаан-Уйгурын нутгаар өнгөрөхөөр байгаа тул нилээд эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Хэлэлцээ хийхдээ бид манайхаар хоолой тавих нь ашигтай гэдэг үндэслэл, аргументаа маш зөв гаргах нь чухал. Хийн гол хэрэглэгч нь Бээжин болоод түүний ойр орчмын район гэж үзэх юм бол манайхаар тавих нь хоёр дахин дөтучир зардал нь мөн тэр хэмжээгээр хямд байх юм. Дээр нь хоёр дахин хурдан тавих боломжтой. Хамгийн гол нь манайх хүн ам нь 15 дахин их, хими, металлургийн аж үйлдвэр хөгжсөн Украинтай адил хийн том хэрэглэгч  биш учраас манай тал транзит тээврийг саатуулах асуудал гаргахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манай нутгаар хийн хоолой тавих нь бидэнд ямар ашигтайг энд дурьдах нь илүү биз ээ.

_

-Нефтийн хоолойн хувьд Та юу гэж бодож байна?

-Нефтийн хоолойн хувьд гэвэл Оросын талаас манайхаас зүүнээр  хоолой тавьж Хятадад нэгэнт нийлүүлээд эхэлчихсэн тул Монголын нутгаар дахин шинээр хоолой тавих магадлал багатай болов уу. Харин тодорхой хэмжээний нефть төмөр замаар зөөвөрлөж байх санал тавьж магадгүй юм.

_

-Өөр ямар чиглэлээр, ямар төсөл дээр оросын талтай хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байна?

-Оросын талд дээрх асуудлуудаас гадна бас цоо шинэ чиглэл, төслүүдийг санал болгох хэрэгтэй. Жишээлэхэд Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барина гэж бид яриад байгаа. Энэ цогцолборын ямар нэгэн томоохон обьектод хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгож болох юм. Хэрэв хайгуул амжилттай болбол Хятадад нийлүүлэх зорилгоор манайд нефтийн хайгуул хийхийг санал болгож болно. Нефтийн хайгуулын талаар Оросын компаниуд ихээхэн туршлагатай тул сонирхож магадгүй. Энэ мэт өөр төслүүдийг санал болгож болно л доо. Жишээ нь, Эрхүү муж Усть-Илимийн, Братскийн, Эрхүүгийн гэсэн гурван аварга УЦС-аас гадна есөн ДЦС-тай. Эрчим хүчний илүүдэлтэй байдаг учраас манай нутгаар дамжуулан Хятад руу эрчим хүч дамжуулах шугам тавих асуудлыг нэгэн үе нилээд ярьдаг байлаа. Мөн өнгөрсөн онд өндөр хүчин чадалтай Богучаны УЦС-ын  эхний хэсэг ашиглалтад оруулсны дээр манайх ч хэд хэдэн дулааны цахилгаан станц  шинээр барих төсөл эхлүүлэх гэж байгаа нь Орос-Монгол-Хятадыг холбосон цахилгаан дамжуулах шугам тавих асуудлыг сэргээж идэвхтэй ярихаддөхөм болно. Эрхүү мужийн цахилгаан станцууд нь “Иркутск энерго” гэдэг компанид харъяалагддаг бөгөөд түүний дийлэнх хувьцаа нь О.Дерипаскагийн мэдэлд байдаг юм.

.

-Томоохон төслүүдээс гадна хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Өнөөдөр манай хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцааг идэвхжүүлж шинэ шатанд гаргах асуудлыг хөндөж ярих таатай нөхцөл бүрдээд байна. Украины асуудлаас болоод барууны зарим оронтой харилцахад тодорхой хэмжээний саад, бэрхшээл учирч болзошгүй байгаа тул хойд хөрш маань Азийн орнуудтай, ялангуяа БНХАУ-тай харилцаагаа идэвхжүүлэх бодлого баримталж байна. Энэ нөхцөл байдлыг бид ашиглаж хойд хөрштэй харилцах идэвхтэй бодлого явуулах хэрэгтэй. Юуны өмнө хоёр хөрштэй, ялангуяа ОХУ-тай харилцах асуудлыг манай Ерөнхийлөгч өөрийн ивээл, хяналтандаа авч энэ тухайгаа нөгөө талд мэдэгдэх нь чухал байж магадгүй. Засгийн газар хоорондын комисс, дипломат зэрэг албан ёсны сувгаас гадна зарим бүс нутгийн тэргүүн, томоохон бизнесийн төлөөлөгчид болон Оросын удирдлагуудтай ойрхон байдаг хүмүүсээр дамжуулан өөрийн талын санаа бодлыг хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй. Бас ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөгийн Монгол орны талаар сурвалжлага, нэвтрүүлэг хийлгэх ажлыг системтэй зохион байгуулах нь зүйтэй байх. Хэрэв төвийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүнд бүхий сэтгүүлч, сурвалжлагч нарын зардлыг нь хариуцаад авчирч нэвтрүүлэг хийлгэж, нийтлэл хэвлүүлбэл бусад болон ялангуяа хил орчмын нутгийн хэвлэлээр аяндаа олон нийтлэл гардаг. Ингэснээр манайхыг сонирхох жижиг, дунд бизнесменүүд болоод Монголд ирэх иргэдийн тоо нэмэгдэх нь зайлшгүй шүү дээ.

.

Энэ нэг зүйлийг зориуд дурдахад манай хэвлэлээр Оросыг муулах өнгө аястай нийтлэл нилээд гардагт оросууд эмзэглэж ярих юм билээ. Гэтэл жишээ нь, манай аж үйлдвэр, дэд бүтцийн суурийг тавихад хойд хөрш маань үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашилбал боловсрол, эрүүлийг хамгаалах салбарт тэдний гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх аргагүй. Иймээс манай хэвлэлүүд бас энэ талаар бодох хэрэгтэй гэж санагддаг шүү.

.

Нийтлэлч Г.Отгонбаяр

Эх сурвалж:Үндэсний шуудан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ