Н.Батбаяр сайд автозамын төсвөөс завшсан уу
“Их Монгол нэгдэл” ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Зам тээврийн яамны ажилтай хэтэрхий хутгалдаж байгааг буруушаан, энэ нь хувийн ашиг сонирхолтой холбоотой хэмээн мэдээллээ. Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Их Монгол нэгдэл” ТББ-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг зам тавих мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа дуулгав.
ө
Ингэж хардах болсон шалтгаан нь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын 11 км автозамын өргөтгөлийн ажлыг 20 тэрбум төгрөгөөр хийх судалгааг гүйцэтгэгч Хятадын компани нь гаргасан аж. Гэтэл Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ний өдрийн 123 тогтоолоор Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын 11 км автозамыг 33 тэрбум төгрөгөөр хийх эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосон байна. Гүйцэтгэгч байгууллага нь 20 тэрбум төгрөгөөр зам тавьж өгнө гэсээр байхад өртгийг 33 тэрбум болгон нэмэгдүүлсэн нь хардах шалтгаан болсон гэнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар 13 тэрбум төгрөгийг сул хаясан гэж тэд үзэж байна.
ө
Дээр нь энэ тогтоолоос үүдээд 20 тэрбум төгрөгөөр замын ажлыг хийнэ гэж байсан гүйцэтгэгч байгууллага 31 тэрбум төгрөг болгон өртгийг нь нэмэгдүүлсэн байна. Үүнийг Хөгжлийн банк, Гаалийн ерөнхий газар, Хятадын компанийн төлөөллийн гарын үсэг зурж, баталгаажуулсан гэрээнд тусгасан гэнэ. Харин энэ нь ямар ч эдийн засгийн тооцоогүй хийгдсэн ажил хэмээн тэд мэдэгдэв. Тиймээс 20 тэрбум төгрөгөөр хийгдэх гэж байсан ажлын өртөг 31 тэрбум болсныг анхаарч, судлах хэрэгтэйг “Их Монгол нэгдэл” ТББ-ынхан хэлсэн юм. Мөн тэд энэ асуудлаар АТГ-д хандахаа дуулгасан билээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ