Испаний тики-такагийн эмгэнэлт төгсгөл

img

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хөлбөмбөгт тики-така буюу ойрын зайн олон дамжуулалтаараа гаршсан Испаний шигшээ баг эхэлж хасагдлаа. Гайхалтай чадварлаг хөлбөмбөгчдөөс бүрдсэн Испаний шигшээ баг өчигдөр Чилийн багт 0:2-оор хожигдсоноор дараагийн шатанд шалгарч чадахгүй нь тодорхой болов. 2008 оны Европын аварга, 2010 оны Дэлхийн аварга, 2012 оны Европын аварга Испаний шигшээ баг Дэлхийн аваргаас хамгийн түрүүлж хасагдсан баг болж хувирав. Тэднийг дэлхийн аварга болдоггүй юмаа гэхэд шигшээ тоглолт, хагас шигшээд шалгарна гэж олон сая хөгжөөн дэмжигчид хүлээж байсан билээ. Гэвч Испаний шигшээ багт өмнөх Дэлхийн аваргаар гялалзаж, аварга болсон 16 хөлбөмбөгч багтсан нь тэднийг дахин ялан дийлэхийн их хүсэлд автаж, тэмцэхэд нь саад болов бололтой. Өөрөөр хэлбэл, Испаний шигшээд эрч хүч, хүсэл эрмэлзлэл дутлаа. Мөн тэднийг өрсөлдөгчид нь маш сайн судалсныг харуулав.

7

Чилийн тоглолтын өмнө Испаний шигшээгийн дасгалжуулагч Висенте Дель Боске “Бид тэднийг олон гоолоор хожих гэхгүй. Хожих л хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Гэвч тоглолтын явцад Испаний хөлбөмбөгчид гоол оруулах 100 хувийн хэд хэдэн боломжоо салхинд хийсгэж, улмаар өрсөлдөгч нь хариу довтолгоогоор хоёр гоол оруулж дөнгөлөө.

7

2010 оны Дэлхийн аваргаар Италийн шигшээ Дэлхийн шилдэг багийн нэр алдраа хамгаалж чадалгүй хэсгээс шалгаралгүй үлдсэн түүхийг Испани давтлаа. Үүнээс өмнө 2002 онд Францын шигшээ мөн дэлхийн аварга хэрнээ хэсгээс гаралгүй, хасагдаж байсан удаатай.

7

Хөлбөмбөгийн хаан Пеле дэлхийн аваргын өмнө “Чилийн шигшээ баг дуулиан тарьж, нээлт болж магадгүй шүү” гэж хэлж байсан нь ийнхүү биелэгдлээ. Тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Чилийн Эдуардо Варгас нэрлэгджээ.

7

Испаний шигшээ баг 1998 оны Дэлхийн аваргаас хойш анх удаагаа хэсгээсээ шалгарч чадсангүй. Харин В хэсгээс Голланд, Чилийн баг дараагийн шатанд шалгарлаа. Голланд-Чили сүүлийн тойрогт учраа таарсан тул халз тоглолтоос хэн нь хэсгээ тэргүүлэхээ шийдэх болно. Хожигдсон нь тэмцээнийг зохион явуулагч Бразилийн шигшээтэй таарах магадлал өндөртэй юм.

7

Тоглолтын нэгдүгээр үеийн дундуур Чилийн багийнхан өрсөлдөгчийнхөө довтолгоог тасалж, сөрөг дайралт хийхэд Эдуардо Варгасын цохилт Испаний хаалганд орсон. Гоолын дараагаар Испанийн шигшээ ялангуяа Иньеста санаачлагыг авахыг хичээсэн ч Чилийн  гурван тоглогч түүн дээр очиж, хамгаалан тоглосноор ямар ч боломж өгсөнгүй. Нэгдүгээр үеийн төгсгөлд Касилья Санчесийн цохилтыг хааж чадсан ч Арангис бөмбөгийг нэмж цохьсноор дэлхийн аваргууд маш хүнд байдалд орсон юм.

7

Хэдийгээр Дэлхийн аваргууд нэг гоол хийх, тэнцүүлэхийн төлөө зүтгэсэн ч Чилийн авьяаслаг баг тэдэнд боломж өгсөнгүй. Ийнхүү Дэлхийн аваргыг дэлхийн аварга Испаний шигшээ эхэлж орхилоо.

7

Испани - Чили 0:2

Гоол: Варгас 19, Арангис 43

Испани: Касильяс, Аспиликуэта, Рамос, Хави Мартинес, Хорди Альба, Бускетс, Хаби Алонсо (Коке, 46), Иньеста, Силва, Педро (Касорла, 76), Диего Коста (Торрес, 64)

Чили: Браво, Исла, Сильва, Медель, Хара, Мена, Марсело Диас, Арангис (Гутьеррес, 65), Видаль (Кармона, 88), Алексис Санчес, Варгас (Вальдивия, 85)

Шар хуудас: Хаби Алонсо, Видаль, Мена

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ