Н.УЧРАЛАА 3 ИХ НАЯДЫН СУРАГТ ХӨӨРӨХ ХЭРЭГГҮЙ

img

 

Оюу толгойн ногдол ашгийн асуудлаар Н.Учралын Засгийн газар сүүлийн өдрүүдэд орон гаран шийдвэр гаргаж, байр сууриа өдөр бүр өөрчилж, хамхуул шиг улстөрийн салхи дагаж хийсдэг болж. Нэг бол санал асуулга явуулаад л үгүй бол иргэдэд бэлнээр тараана гэж цуураад л хуримтлалын санд төвлөрүүлнэ, хуулийн төсөл боловсруулна гэх зэргээр гар дээрээ таван цаасгүй тарчигхан амьдруулж яваа иргэдийг ч ёстой өдөр бүр хошгоруулж байна даа. Бүр төрийн тэргүүн нь хүртэл энэ асуудалд байр сууриа илэрхийлж, улс төрийн маргааны нэг хэсэг болоод амжчихсан яваа. Уг нь энэ асуудал ийм энгийн улс төрийн шоуны сэдэв байх ёсгүй юм. Оюу толгой бол нэг удаагийн сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэх төсөл биш. Монгол Улсын олон арван жилийн эдийн засгийн ирээдүй, баялгийн өгөөжтэй холбоотой асуудал. Гэтэл засаг төр нь 2027, 2028 оны сонгууль, иргэдийн өнөөдрийн бэлэн мөнгөний хэрэгцээг тойрсон улс төрдөө хэт анхаарч, баялгийн өгөөжийг урт хугацаанд хэрхэн хүртэх вэ гэдэг үндсэн асуудлыг санаатай орхигдуулж байна. Өчигдөр /2026.11.11/ Оюу толгой болон Рио Тинтогоос Засгийн газарт ирүүлсэн захидалд 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь нийцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон, үүнтэй холбоотой төлөвлөгөө боловсруулж ажиллаж байгаа тухай дурджээ. Мөн Засгийн газрын 2027 онд тус компаниас гурван их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө нь татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн гэдгийг тэмдэглэсэн байна.

Ингээд л манайхан ногдол ашиг өгнө гэсэн баталгаа авчихсан мэт хөөрцөглөж эхлэв.

Гэвч захидлын агуулгыг анхааралтай унших хэрэгтэй. Ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон, төлөвлөгөө боловсруулж байгаа гэдэг нь мөнгө хуваарилах эцсийн шийдвэр гарсан, Монголын талын дансанд мөнгө шилжүүлэх баталгаа бүрдсэн гэсэн үг огтхон ч биш.

Үүнээс гадна захидалд ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ гурван үе шаттай гэдэг нь яг ямар хугацаанд, ямар нөхцөлөөр, хэдий хэмжээний мөнгө шилжүүлэхийг хэлж байгаа бол? Энэ хуваарийн нарийвчилсан нөхцөл олон нийтэд ил болсонгүй. Хамгийн анхаарал татсан зүйл нь компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ гэсэн захидлын агуулга юм. Энэ бол ерөнхий амлалт. Харин Монголын талд ногдол ашиг хуваарилах эцсийн шийдвэр, мөнгө шилжүүлэх тодорхой хугацаа, хэмжээ, санхүүгийн баталгааг орлохгүй гэдгийг олж харах ёстой. Түүнчлэн Оюу толгойн өрийн болон санхүүжилтийн бүтцийг өөрчлөх асуудал яригдаж байгаа энэ үед ногдол ашгийн амлалтыг дангаар нь харж болохгүй. Өрийн нөхцөл хэрхэн өөрчлөгдөх, хүү болон санхүүжилтийн зардал нэмэгдэх эсэх, компанийн мөнгөн урсгалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь Монголын хүртэх бодит өгөөжтэй шууд холбоотой. Өрийн бүтцийн өөрчлөлтөөр Монголын талд шинэ санхүүгийн үүрэг үүсэх эсэхийг ч тодорхой болгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг өгнө гэсэн мэдэгдэл гарлаа гээд Монголын 34 хувийн эзэмшлээс хүртэх өгөөжийн асуудал бүрэн шийдэгдчихсэн гэсэн үг биш. Эндээс Засгийн газарт тавих хэд хэдэн асуулт байна. Ногдол ашиг хуваарилах эцсийн шийдвэр хэзээ гарах вэ? Гурван их наяд төгрөгийг ямар тооцооллоор баталгаажуулсан юм бэ? Өрийн шинэ бүтцийн нөхцөл Монголын ногдол ашигт хэрхэн нөлөөлөх болон хэрвээ төлөвлөсөн мөнгө орж ирэхгүй бол төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ? гэдгийг Засаг төр удирдаж байгаа эрх баригч нам шиг хариулмаар байна. Гэтэл иргэдэд хэдэн төгрөг тараах, хуримтлалын санд хийх эсэх дээр улс төр хийж, захидлын үг өгүүлбэрээс ялалтын мэдээ авчирсан мэт аяглах нь төрт улсын бодлого биш л баймаар. Бидэнд хэрэгтэй зүйл Монголын хүртэх ёстой өгөөжийг хэзээ, ямар нөхцөлөөр, ямар ч өрийн дарамтгүйгээр бодитоор авах вэ гэдэг баталгаатай шийдэл юм. Шуудхан хэлэхэд Оюу толгой бол Н.Учралын Засгийн газрын 2027 оны төсвийг нөхөх хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын ирээдүй үеийн баялаг бөгөөд түүнийг өнөөдрийн улс төрийн оноо авахын тулд ашиглаж болохгүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ