Хүүхдийн эрх ХӨЛИЙН УЛАНД орох цагаар...

img

“Хүүе, энэ яасан хөөрхөн юм бэ” хэмээн үнсэх нь холгүй аашлах будмал бүсгүй жаахан нохойн гөлгийг элгэндээ тэврэн толгойг нь илнэ. Байсхийгээд л гөлгийг өргөж нүднийх нь хар,чихнийх нь жижигхэн, хөөрхнийг гайхан дуу алдана. Харин түүнтэй хамт нэг ширээнд суусан хүүхнүүд бүгд хөөрхөн юм аа хэмээн дэмжинэ. Зоогийн газар өрнөж буй энэ үйл явдал тун удалгүй эсрэгээрээ солигдов. 7-10 насны бололтой хүү орж ирэв. Бүгд л эвэртэй туулай үзсэн мэт болж “Гар гар” хэмээн учир зүггүй хөөв. Нохойн гөлөг эрхлүүлж байсан бүсгүйн харц хувирч гөлгөө хүүд алдах нь уу гэлтэй элгэндээ улам бүр наалдуулан тэвэрч хүүгийн зүг хяламхийн  “Заваан юм” хэмээн ярвайж байна. Хир даг болсон хувцастай халтар нүүрлэсэн энэ хүү 25 кг-ын гурилын шуудайны ёроолд хэдэн хуванцар сав хийжээ. Хоолоо идээд гарч байгаа хүмүүсийн ширээ рүү байн байн харж тавганд үлдсэн хоолны үлдэгдэл дээр харц нь тогтоно. Түүний зорилго тодорхой.  Харваас өлссөн бас даарсан нь илт энэ хүүг зоогийн газрын зөөгч нар нохойн гөлөгнөөс ч дор үзэн хөөж гаргав. Харин хотын гудамжинд бол үүнээс арай өөр дүр зураг харагдана. Өмнөө жижигхэн цаасан хайрцаг тавьж хоолой мэдэн дуулах хүү өдөртөө 2-3 мянган төгрөгийн орлого олдог гэх. Тэгвэл Нарантуул захад ажиллаж байгаа хүүхдүүд дөрвөн мөчөө сарвайтал тэрэг түрнэ. Жижигхэн биедээ ахадсан дүүрэн ачаатай том тэрэг түрсэн хүүхдүүд нэг удаагийн рейсээр 500-3000 төгрөг олдог. Нөгөө хэсэг нь бусдын гар хөлийн үзүүр болж захаар явж байгаа есөн хөлийн хүмүүсийн халаасыг хоосолж хэтэвч “түүж” олсон олзоо “босс”-уудтайгаа хуваана. Эдгээр хүүхдүүдийн дэргэд “харь ертөнцөд” амьдардаг хүүхдүүд бол траншейныхан. Тэдэнтэй хүүхдийн эрх, халамж үйлчилгээний талаар ярих нь илүүц биз. Харах, хайхрах хүнгүй мартагдсан хүүхдүүдийг төрийн “дансаас хасагдсан” гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед Монгол “мартагдагсад” харьд хөл тавьж хүрээгээ тэлж эхэллээ. Өнгөрсөн сард Шведэд тэнүүчлэн амьдарч буй хэдэн хүүхдийг тус улсын цагаачлалын алба хараа хяналтандаа авч “Хүүхдүүдээ авах эсэхийг Монголоос асуув”. Гэвч тэдгээр хүүхдүүдийг хүндэтгэж байгаа учраас нэр усыг нь зарлахгүй хэмээн холбогдох байгууллагууд нь мэдэгдэж, бас зарим нь хаанахын хэн гэгчийн хүүхэд болох нь тодорхой буй байгаа гэнэ. Гэсэн ч одоогоор тэдгээр хүүхдүүд эх орондоо ирсэн эсэх нь тодорхой бус. Хүүхдийн эрх зөрчигдөх, бэлгийн, хөдөлмөрийн, эд эрхтэний, сэтгэл санааны гээд аль ч мөлжлөгт өртөөд байгаа нь чихэнд сонсогдож, нүдэнд харагдаад байгаа ч холбогдох байгууллагууд нь энэ талаар ямар арга хэмжээ авч, хичнээн хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа, тэдний эрхийг хэрхэн хамгаалсан, хичнээн хүүхэд хар зах зээл гуйлга гуйж, хэд нь халаасны хулгайч болсон гэх тоо баримт байхгүй. Бас тэдний эрхийг хамгаалах байгууллага ганц үг ганхийдэггүй. Гэтэл саяхан Хүүхдийн төлөө газрынхан Хүүхдийн байгууллагын 2011 оны онцлох үйл ажиллагааг дурдьжээ.Уг онцлох үйл ажиллагаандаа “Ардчилсан өөрчлөлтийн хорин жилд шинэ цаг үе, нийгэмд зохицсон хүүхдийн байгууллагын эрх зүй, нийгэм, эдийн засгийн орчин шинээр бүрэлдэн төлөвшиж Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэж, үндэсний хууль тогтоомжоо уялдуулан шинэчилж, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийн, хүүхдийн оролцоог дэмжин ажилласаар ирсэн. Хүүхдийн төлөө газар нь олон нийтийн санаачилгыг Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэн байгуулагдсаны 86 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Энэ жил хүүхдийн баяраас эхлэн хүүхдийн эрх, хамгаалал, оролцооны тулгамдсан нэг гол асуудлыг сонгон олон нийтийн анхаарлыг хандуулахыг эрмэлзэж, “Хүүхэд насыг хайрлая” хүүхдийн чуулганаас тодорхойлсон нэн тэргүүний тулгамдсан асуудал болох эрүүл, аюулгүй орчины асуудлыг сонгон авч Хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга өрнүүлж төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамран ажиллаж байна. Үндэсний хэмжээний үйл ажиллагааны хүрээнд, Хүүхдийн зусланд хийсэн Хяналт шинжилгээ, үнэлгээ ЗГХА-ХТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хүүхдийн зуслангийн 2011 оны үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээний ажил зохион байгуулсан. 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан ХТҮЗ-ийн хурлаар Хүүхдийн амралт, зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай ХТҮЗ-ийн тогтоол гарсан. Хүүхдийн хөгжлийг хангах нийгмийн шаардлага, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрэлт хэрэгцээ, зуслангийн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүүхдийн амралт, зусланд үйлчлүүлэгч хүүхдэд ногдох хувьсах зардлыг төрөөс дэмжих асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн “Хүүхэд хөгжил” олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа НҮБ-ын Хүүхдийн сангаас 5 жил тутамд хийдэг “Хүүхэд хөгжил” олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны тайлан гарсан. Үр дүнг тархаах, 21 аймгийн Статистикийн хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга нарт судалгааны үр дүнг танилцуулах ажлыг 9-ны өдөр зохион байгуулна. “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх олон нийтийн санаачилга” 2011 оны “Хүүхэднасыг хайрлая” хүүхдийн чуулганаас гарсан саналыг үндэслэн “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга”-ын удирдамжийг Монгол Улсын Шадар сайд баталсан. Санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын нийт 16 байгууллагатай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Санаачилгын хүрээнд 5 дэд зөвлөлд 52 байгууллагын төлөөлөл хамрагдан тодорхой зорилт дэвшүүлэн, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Явцын тайланг ХТҮЗ-ийн хуралд танилцуулсан. ХТҮЗ-өөс Эцэг эхийн оролцоо гэсэн дэд зөвлөлийг нэмж байгуулах шийдвэр гаргаад байна. Хараа хяналт сул, хүнд нөхцөл дэх хүүхдийг дулаан аюулгүй өвөлжүүлэх арга хэмжээ “Хүүхэд бүрийг дулаан, аюулгүй газар өвөлжүүлэн, асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах тухай” Монгол улсын Шадар сайдын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 61 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт албан тоот, үлгэрчилсэн төлөвлөгөө хүргүүлсэн. Тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гарч байна. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийг нь дэмжих замаар гэр бүлд нь буцаах тогтвортой үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлах ёстой. Орон нутаг дахь хүүхдийн эрхийг хянах мэдээллийн сан “Шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээллийн нэгдсэн сан бий болгох тухай” МУШС-ын 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 69 тоот тушаал гарч үндэсний хэмжээнд 2010 оноор суурилсан хүүхдийн эрхийн мэдээллийн сан бий болж байна. Мэдээлэл цуглуулалт 74%-тай байна. Хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан 2012 оны 1 сараас бүрэн бүрдэж хэрэглээнд орно” хэмээжээ. Гэхдээ цагаан цаасан дээр хараар бичсэн эдгээр баримтууд бодит амьдрал хэр зэрэг нөлөөлж, хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар нь хамгаалсан ажил болж чадав уу гэдэг нь эргэлзээтэй. Уг нь Монголчууд бид хийснээ бичиж бус чихэнд хоногшиж нүдэнд харагдахуйц хийж сурахсан даа. Юутай ч Хүүхдийн төлөө байгууллагууд бүтэн жилийнхээ ажлыг ийн дүгнэжээ. Харин одоо зах дээр тэрэг түрж, бохь, оймс зэрэг ойр зуурын бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа хүүхдүүд, дуу дуулан өдрийн тиалхны мөнгийг олж байгаа хүүхдүүд ажилласаар л байна. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huuhdiin
2011-12-15
хотод байгаа энэ олон тэнэмэл хүүхдүүдийг сайд ОТГОНБАЯРААС авахуулаад бүх сайд нарын гэрт хувааж өгье ард түмээн Уг нь энэ муусайнуудын идэж уусан мөнгө нь энэ хүүхдүүдийх юм шүү дээ яахав дээ хөөрхийс хэдэн өдөр ч гэсэн тансаг байг л даа тэгвэл монголын хүүхдүүдийг ийм байдалд оруулсан нь хэн билээ гэдгээ энэ муусайн луйварчид мэдэхч юм билүү
2011-12-15
hoorhiidoo etseg ehchuudee ta nar ur huuheduudee anhaarch tedendee hair halamjaa haramgui ogoochdee,ted chin algiinhan chinee huuheduud shuu dee bitgii tedniig zovoogood baigaachdee,yamar hetsuu yum be,uhaan muutai novshnuud uhsenee hiij banzalddag bainaa tegeed,ur huuhed teesen bol hen hen ni hariutslagatai handldaa.
2011-12-14