Буйр нуурын өглөө

img

Дорнод аймагт томилолтоор явах үеэр Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т орших Буйр нуурын эрэг дээр хоноглосон билээ. Монгол орны зүүн хязгаар нутаг  болсон тус газарт өглөөний наран хамгийн түрүүнд манддаг юм билээ. Өглөө 04 цагийн үед нар манддаг гэсэн тул унтах нойроо хугаслан хүлээлээ. 03.50 цагт үүрийн туяа тусах үеийн бичлэгийг хүргэж байна. Монголын хамгийн цэнгэг устай нууруудын тоонд ордог Буйр нуурын эрэг дээр өглөөний наран мандаж буйг харж зогсоход өөрийн эрхгүй амандаа дуу аялж, эх орноороо бахархах сэтгэл төрсныг нуух юун. Томилолтын хугацаа богино байсан тул Буйр нуурын зургийг сайн авч амжаагүй ч нуурын чимээ сонорыг тань мялааж, алжаал ядаргаагаа хоромхон зуур ч гэсэн мартана гэдэгт итгэлтэй байна.

й

Дашрамд дуулгахад, зуны улиралт жуулчны хөл тасардаггүй, манай орны хамгийн олон төрлийн загастай гэгддэг Буйр нуурын урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур аж. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгдсөн юм байна.

ый

Буйр нууранд зургаан овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг аж. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна. Буйр нуурын загасыг бүр XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ.Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий.Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байдаг гэсэн шүү.

й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ