Сонгуулийн хөндлөнгийн ажиглалт, судалгааны дүн хоорондоо нийцжээ

img

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ажиглагчдын багийн дарга, Элчин сайд хатагтай Одри Гловер Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны  сонгуулийн үйл ажиллагааны явцад өгсөн мэргэжлийн үнэлэмж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний зөвлөмжөө  өнөөдөр улс төрийн зарим нам болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа. Энэ арга хэмжээнд оролцсон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, Монголын сонгуулийн төв байгууллага  энэ нэр хүнд бүхий олон улсын байгууллагатай  сонгуулийн үеэр үр дүнтэй хамтран ажилласныг дурдаад  олон улсын ажиглагчид нийт 26 асуудлаар зөвлөмж гаргасны 16 нь сонгуулийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, үлдсэн нь сонгуулийн болон холбогдох бусад байгууллагатай холбоотой байсныг тэмдэглэв. Мөн тэрбээр энэ зөвлөмжийг харгалзан Монгол Улсын СЕХ сонгуулийн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их хурлын ажлын хэсэгт хаяглан 50 санал, 100 саналын томьёоллыг боловсруулж илгээсэн бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь эрх зүйн орчинг сайжруулахтай, үлдсэн хувь нь зохион байгуулалтын шинжтэй байсныг танилцууллаа.

1

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын багийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан саналаа илэрхийлсэн НҮБ-ын  Монгол Улс дахь Хөгжлийн хөтөлбөрийнхөн сонгуультай холбоотой явуулсан судалгаагаар нь сонгуульд итгэх сонгогчдын итгэл өндөр байсныг, “Сонгогчдын боловсрол” төвийн дүгнэлтээр санал  авах, тоолох үйл ажиллагааг ажиглагчдын 25 орчим хувь нь “маш сайн”, 70 гаруй хувь нь “сайн” гэсэн үнэлгээ өгсөн тухайгаа тус тус танилцуулав.

Тиймээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улс дахь НҮБ-ын салбар байгууллагын ажиглалт болон монголын иргэний нийгмийн байгууллагын судалгааг өөр хоорондоо тустай, бие даан явуулсан хэдий ч үр дүн нь хоорондоо нийцсэн, сонгуулийг бодитой үнэлсэн хөндлөнгийн маргашгүй үнэлгээ хэмээн үзүүштэй гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ