С.Оюун: Агаарын бохирдол 30 хувиар буурсан

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг танилцууллаа. Төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

6

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Монгол Улсад банкны  зээлийн хүү өндөр байдаг юм байна. Банкны зээлийн хүүгээс хэдий хэмжээний орлого төвлөрсөн бол. Төрийн өмчийн хувьчлалаар ямар орлого олсон бэ?  Улсын төсвөөс 180 мянга гаруй хүнийг цалинжуулж байна. Гэтэл нийгэм, ард түмэнд үйлчилгээ нь хүрдэггүй. Төсвөөс хэдэн байгууллагыг санхүүжүүлдэг вэ? Би төсвөөс санхүүждэг байгууллагын жагсаалтыг үзсэн. Гэтэл энэ дотор ямар үйлчилгээ явуулдаг нь мэддэггүй байгууллага байдаг юм билээ. Би татвар төлөгчдийн мөнгөөр маш олон байгууллагыг санхүүжүүлж, үргүй зардал гаргадаг юм билээ. Өнгөрсөн онд ямар албан тушаалтанд хариуцлага тооцсон бэ?

6

Сангийн сайд Ч.Улаан:

-Зарим асуултад шууд хариулах бололцоогүй юм байна. Жишээлбэл нийт төсвөөс санхүүжиж байгаа байгууллага, цалин, хүмүүсийн тоог хэлж болох боловч үр дүнгүй төсвийн байгууллага гэдгийг хэлж чадахгүй. Эргэж харж, судлах нь. Хувьчлалаас өнгөрсөн онд 3,4 тэрбум төгрөг орсон. Төлөвлөгөөнөөс 60 орчим хувиар давж биелсэн. Өнгөрсөн оны тайлан баланс одоо баталгаажиж гарч байна. Энэ дүгнэлтийн дагуу 100 гаруй төсвийн эрх захирагчдад хариуцлага тооцохыг ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн. Шат шатандаа хариуцлага тооцно.

6

ЭМ-ийн сайд Н.Удвал:

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа судалгааг төсвөөс биш олон улсын байгууллагын төсвөөр хийгдэж байгаа.

6

БОНХ-ийн сайд С.Оюун:

-“Цэвэр агаар” санд 2013 онд 30 орчим, 2014 онд 20 орчим тэрбум төгрөг тус тус  батлагдсан. Энэ сангаас гадна нийслэлийн болон ЭХЯ-ны төсөвт тодорхой төсөв зарцуулсан байдаг. Одоогийн байдлаар 153500 айлд зуух суурилуулсан. Зарцуулж байгаа мөнгөний 50 орчим хувь нь зууханд зарцуулдаг. Хөрсний бохирдолтой холбоотой судалгаа хоёр жил дараалан гарсан. Гэр хорооллын айлын жорлонгийн хөрсийг цэвэрлэхээр мөнгө суулгасан юм билээ. Туул голын бохирыг цэвэрлэх ТЭЗҮ-ийг энэ жилээс гаргаж байгаа юм билээ. Улаанбаатар хотын агаарын чанар гурван үзүүлэлтээр 15-30 хувиар буурсан байгаа. Энэ нь хангалттай бууралт биш. Стандартын төвшингээр 4-5 дахин өндөр утаатай үзүүлэлт байсан.

6

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Төсвийн төлөвлөлт дээр анхаарахгүй бол орлого 92 хувь, зарлага 89 хувьтай байна. Хууль зөрчсөн үзэгдэл их байна. Төсвийн захирагчид хууль  зөрчөөд арилжааны банкинд данс нээж, гүйлгээ явуулдаг. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг мөн л хууль зөрчөөд Капитал банкинд хийсэн байна. Авлага үүссэн байна. Яагаад татвар төлөгчийн мөнгийг зүгээр өгсөн юм бэ? Сайд нар яагаад авлага үүсгэсэн бэ? Чингис бондоор санхүүжиж байгаа их ажил байгаа. Гэтэл яагаад тайлан бүртгэл тооцоондоо тусгахгүй байна вэ?

7

Сангийн сайд Ч.Улаан:

-Бид төсвөө төлөвлөж чадахгүй байгаа нь үнэн. Төсөв тасалдсан. Бүх түвшиндээ хяналт тавьж байна. Чингис бондын тайланг ЭЗХ-ийн сайд дурдана. Монгол Улсын хөгжлийн сангаас шатахуун болон буудайны нөөц бүрдүүлсэн. Энэ нөөц өнөөг хүртэл барагдаагүй. Өр байдлаар байж байна.

6

Засгийн газрынхан ийнхүү гишүүдийн асуултад хариулж байна. Төсвийн захирагч нартай холбоотойгоор банкнуудад шалгалт хийсэн байна. Нийт 108 данснаас 74 данс буюу 2,5 тэрбум төгрөгийг зөвшөөрөлгүйгээр арилжааны банкуудад нээжээ. Арилжааны банкууд банкны тухай хуулиар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх эрхгүй гэдгээр мэдээлэл өгч байгаагүй.

6

Ерөнхий аудитын хэлснээр тариалан эрхлэлтийг дэмжих сан болон нөөцтэй холбоотойгоор шатахуун, буудайны авлагыг гүйцэт авахаар болсон байна.

7

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ