Х.Наранхүү: Валютын өсөлт шатахууны үнэд зайлшгүй нөлөөлнө

img

Манай улс нийт түлш шатахууны дийлэнхийг нь хойд хөршөөс буюу “Роснефть” компаниас оруулж ирдэг бөгөөд тус компанитай таван жилийн гэрээг үзэглэсэн юм. Энэ талаар Газрын тосны газрын хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодрууллаа.

й

-“Роснефть” компанитай байгуулсан гэрээний талаар тодруулахгүй юу?

-Бид жил бүр гэрээ хийгээд явж байсан. Энэ удаад таван жил тогтвортой ажиллах тухай гэрээ хийсэн байгаа.

_

-Тус компаниас нийлүүлэх шатахууны үнийг хэрхэн тогтоосон юм бэ?

-Үнийн тухайд Сингапурын биржийн үнэд суурилуулан, томъёололоор тогтооно. Мэдээж бид аль болох хямд авахыг хичээнэ. Худалдаж байгаа тал алдаатай наймаа хийхийг хүсэхгүй. Тиймээс зах зээлийн тухайн үеийн ханшид тулгуурласан бодит үнэ байх юм.

_

-Тэгвэл нэг тонныг нь яг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ?

-Сар бүр биржийн үнийг харж, дунджаар тогтооно. Хэрэв биржийн үнэ буурвал, буурна, өсвөл дагаад л өснө. Бид дэлхийн хэмжээнд тоглодог тоглоомын дүрмээр л тоглож байна. Өмнө нь зөвхөн “Роснефть”-тэй өөр хоорондоо тохирч байхад хардлага их байсан. Харин одоо бүх хүн биржийн үнийн өсөлт, бууралтыг харж прогноз хийж, харьцуулах боломжтой болохоор бүх зүйл ил тод болж байгаа юм.

_

-Шатахууны үнийг  ил тод болгосны давуу тал?

-Өмнө нь Оросын талд ашигтай байсан байх. Учир нь яагаад үнийг нэмсэн шалтгааныг хэлэхгүй өнгөрөх тохиолдол бий. Одоо тэгэх боломжгүй. Тэгэхээр манайд илүү ашигтай болж байгаа юм.

_

-Мэдээж өөрт ашиггүй зүйлийг хэн ч хийдэггүй шүү дээ. Гэтэл Роснефть яагаад зөвшөөрчихсөн юм бол?

-Маш их ярилцаж, хэлэлцсэн. Олон удаа санал тавьж байж хийсэн гэрээ юм. Мэдээж Оросын тал удаан хугацаанд тогтвортой борлуулалт хийх боломж гарч байгаа учраас зөвшөөрсөн болов уу гэж бодож байна.

_

-“Роснефть” компанитай урт хугацааны гэрээ хийсэн нь шатахууны үнийн өсөлтийг сааруулах боломж гэж хүмүүс харж байгаа ч энэ нь хэр боломжтой юм бэ?

-Жишээлбэл, нэг литр АИ92 шатахууныг нэг ам.доллараар оруулж ирчихээд 1660 төгрөгөөр зарж байгаа. Зөвхөн өнөөдрийн ханшаар бодвол нэг литр тутамд АИ92-оос 170 төгрөг алдаж байна. Оруулж ирж байгаа компани хэдэн зуун сая тонныг авчирдаг. Түүнийх нь зөрүүг тооцвол тухайн бизнес эрхлэгч хэдий хэмжээний мөнгө алдаж байгааг харж болох юм. Тийм учраас валютын ханшийн огцом өсөлт үнэд зайлшгүй нөлөөлнө гэдгийг л хэлээд байна.

_

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ