Коста-Рика дэлхийн аваргуудыг дараалан хожив
Америк тивд зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аваргад Европын баг аварга болсон удаагүй. Энэ удаад ч Европоос сүр дуулиантай ирсэн, оддоор дүүрэн багууд эхнээсээ хожигдсоор эх нутагтаа гутамшигтайгаар буцахаар болоод байна. Дэлхийн аварга Испаний шигшээ хэсэгтээ хомоол хамж, нутгаа зорих нь тодорхой болсон бол өчигдөр шөнө Английн шигшээ багийн эцсийн найдлагыг Коста-Рика тасалж орхив. Коста-Рикагийн шигшээ эхлээд дэлхийн хоёр удаагийн аварга Уругвайг хожсон бол өчигдөр дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийг 1:0-ээр буулган авав.
1
Ингэснээр үхлийн хэсгийн сүүлчийн тойрогт Итали-Уругвайн тоглолт үхэл амьдралыг шийдэх маш ширүүн тулаан болох нь тодорхой боллоо. Дэлхийн аваргын сугалаа явагдахад D хэсгийг бүгд л “Үхлийнх” гэж тодорхойлсон ч Коста-Рикаг ойшоож үзээгүй нь олон. Тэгвэл үхлийн хэсэгт дэлхийн аваргад үхэл амтлуулсан баг нь даруухан бүрэлдэхүүнтэй Коста-Рика болж таарлаа. “Бид Уругвайг хожсон хэрнээ яагаад Италийг хожиж болохгүй гэж” хэмээн Коста-Рикагийн шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Луис Пинто мэдэгдсэн нь биеллээ олов. Дэлхийн чансааны 28-д бичигдэж буй Коста-Рикагийн шигшээ багийн ахлагч Брайан Руис хөөргөж дамжуулсан бөмбөгийг Буффоны хаалганд мөргөж оруулсан нь ялалт авчирсан.
1
Чезаре Пранделли Английн эсрэг тоглосон бүрэлдэхүүндээ гурван өөрчлөлт хийсэн байлаа. Жанлуижи Буффоны гэмтэл эдгэснээр хаалгандаа гарч, таван дэлхийн аваргад оролцсон гайхамшигтай амжилтад хүрэв. Түүнээс өмнө Мексикийн хаалгач Антонио Карбахаль, Германы домогт хагас хамгаалагч Лотар Маттеус нар таван дэлхийн аваргад оролцсон түүхтэй.
Мөн Италийн багийн төвийн хагас хамгаалалтад залуухан Марко Верратигийн оронд хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Тиаго Моттаг гаргажээ. Өмнөх тоглолтод төвийн хамгаалалтад тааруухан харагдсан Палеттаг суулгаж, Кьеллиниг зүүн захаас төвийн хамгаалалтад татснаар Дармиан зүүн захын хамгаалалтад шилжиж, Иньяцио Абате баруун захын хамгаалалтад гарсан юм.
1
Пранделлигийн баг Пирлогоор найруулж, хурц ончтой дамжуулалтаар Балотеллиг хангаж, гоол оруулах тактикийг хэрэглэж байв. Харин Коста-Рикачууд прессинг сайн хийж тоглохыг хичээж байлаа. Ингэсний дүнд Италийн гол тоглогч Пирлогийн дамжуулалтын тоог илт бууруулж чадсан юм. Пирло эхний үед ердөө 33 дамжуулалт багийнхандаа өгсөн нь Англитай хийсэн тоглолтоос хоёр дахин бага байв. Гэлээ ч Пирло гайхалтай дамжуулалтаа Балотеллид өгч хаалгачийн эсрэг ганцаараа гарах боломж олгосон ч гана гаралтай залуу гоол болгож чадаагүй.
Жоэл Кемпбеллийг Кьеллини торгуулийнхаа талбайд илт зөрчил гаргаж унагаасан ч шүүгч пенальти заасангүй. Нэгдүгээр үеийн төгсгөлд Диас Италийн хаалганы зүүн булан руу хөөргөсөн дамжуулалт өгснийг Брайан Руис мөргөж гоол оруулсан.
Хоёрдугаар үед Пранделлигийн талбайд гаргасан сэлгээний гурван хөлбөмбөгч багийн тоглолтод нэмэр болохоосоо илүү нэрмээс болоод таарлаа. Антонио Кассано, Алессио Черчи, Инсинье нарыг талбайд гаргасан нь тун оновчгүй шийдвэр болсон.
Хэсэгтээ хомоол хамах нь эргэлзээгүй гэгдэж байсан Коста-Рикагийн шигшээ баг ийнхүү энэ удаагийн дэлхийн аваргаар жинхэнэ дуулиан таригч болж хувираад байна. Харин Италийн хувьд хэсгийн сүүлчийн тоглолтдоо Уругвайтай тэнцэхэд л хэсгээсээ гарах болно.
1
Итали – Коста-Рика 0:1
Гоол: Руис, 44
Итали: Буффон, Абате, Кьеллини, Барцальи, Дармиан, Де Росси, Тьяго Мотта (Кассано, 46), Пирло, Маркизио (Черчи, 70), Кандрева (Инсинье, 56), Балотелли
Коста-Рика: Навас, Ж.Диас, Уманья, Ж.Гонсалес, Дуарте, Гамбоа, Техеда (Куберо, 68), Борхес, Боланьос, Руис (Бренес, 81) , Кэмпбелл (Уренья, 74)
Шар хуудас: Балотелли – Куберо
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ