Азарган тахиануудын гялалзсан довтолгоо, амттай гоолууд
Францын шигшээ багийн хамгаалагч Патрис Эвра Швейцарьтай хийх тоглолтын өмнө “Энэ тоглолтод хэн хожсон нь хэсгээ тэргүүлнэ” гэж хэлсэн юм. Үнэхээр ч азарган тахианууд буюу Францын шигшээ эхний тойрогтоо Гондурасыг бут ниргэсэн бол Швейцарийн баг сүүлийн секундад Эквадороос хожил салгаж чадсан байлаа. Тиймээс хоёр хожсон багийг тэмцэлд ялагч нь хэсгээ тэргүүлэхээр байв. Өмнөх тоглолтод залуу хүний халуун цус, хөөрсөн сэтгэлийн улмаас хариугүй улаан хуудас авчих дөхсөн Поль Погбаг дасгалжуулагч нөөцөнд үлдээж, илүү хашир, багаа бодох чадвартай Мусса Сиссоког гаргасан байлаа. Мөн залуухан Антуан Гризманныг суулгаж, эхний тоглолтод үндсэнд багтаагүйдээ бухимдсан Оливье Жируд өөрийгөө дэлхий дахинд харуулах боломж олгов.
1
Оттмар Хитцфельд ч Эквадорыг хожиход гол үүрэг гүйцэтгэсэн Адмир Мехмеди, Харис Сеферович нарыг талбайд гаргасан байлаа. Гэвч эхэндээ Жиру Швейцарийн хамгаалагч фон Бергений нүүр рүү үсэрч тийрч орсноор цаашид тоглох боломжгүй болгов. Хачирхалтай нь шүүгч Жируд улаан хуудас өгдөггүй юмаа гэхэд шар хуудас ч өргөсөнгүй. Ингээд гэмтсэн фон Бергений оронд Филипп Сендеросыг гаргахад хүрсэн. Сендеросыг гаргасан нь цаашид Швейцарийн шигшээ олон гоол алдахад гол үүрэг гүйцэтгэсэн ч гэж хэлж болох байх.
1
Булангаас Вальбуэнагийн дамжуулсан бөмбөгийг эхлээд Жиру 90-ийн булан руу мөргөж, гоол орууллаа. Швейцарьчууд эхний гоолоо алдчихаад шоокноос гарч амжаагүй байхад 66 секундын дараагаар Бензема Матюидид дамжуулалт өгснийг “ПСЖ”-ийн хагас хамгаалагч Беналиогийн ойрын буланд оновчтой цохьж, 0:2 болгочихлоо. Бенземаг торгуулийн талбайд дэгээдэж унагаахад “Реал”-ын довтлогч өөрөө торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хаалганы баруун булан руу эхэлж харахыг нь ажсан Беналио яг тийшээ дагаж үсэрснээр бөмбөгийг хааж чадлаа. Беналиогоос ойсон бөмбөг Кабайгийн өмнө унахад хэдхэн метрийн зайнаас хаалга руу цохиод хөндлөвч оночихов.
1
Нэгдүгээр үеийн төгсгөлд Варан талбайн гүнээс Жиругийн зүүн жигүүр рүү дамжуулалт өгснийг “Арсенал”-ын довтлогч туусаар өрсөлдөгчийнхөө талбайд орж, хаалганы алсын булан руу Вальбуэнад оновчтой дамжуулснаар 3:0 болов. Хоёрдугаар үед Хитцфельд тоглолтыг эргүүлэх сүүлчийн аргуудаа хэрэглэж, Жемаили, Берами нарыг талбайд гаргасан. Гэлээ ч нэгэнт ялалтын амтыг мэдэрчихсэн азарган тахиануудын довтолгоо аюул тарьсаар байлаа.
1
Сэлгээгээр гарсан Погба хөлийнхөө гадар хэсгээр Бенземад гайхалтай дамжуулалт өгснийг Карим үсэрч ирсэн Беналиогийн хоёр хөлийн дундуур цохьж, тоог 4:0 болгов. Харин тав дахь гоолыг Бенземагийн дамжуулалтаар Мусса Сиссоко алсын шороон буланд оновчтой цохьж оруулсан.
1
Швейцарийн багийн тэнцэх найдлага бүрэн тасарсан ч төгсгөл рүү хоёр гоол оруулж чадсан юм. Хаалттай цохилтоос Жемаили эхний гоолыг хийсэн бол Инлерийн дамжуулалтаар Жака бөмбөгийг газар унагалгүй хаалга руу цохьсноор багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан.
Шүүгчийн сүүлчийн шүгэл дуугарах яг тэр үед Сиссокогийн дамжуулалтаар Бензема гайхалтай цохилтоор гоол оруулсан ч тооцоогүй. Ийнхүү Францын шигшээгийн довтолгоо хурц иртэй тонгорог шиг байж чадснаар тун амттай хөлбөмбөгөөр үзэгчдэд бэлэг барилаа.
1
Швейцарь — Франц 2:5
Гоол: Жемаили, 81, Жака, 87 — Жиру, 17, Матюиди, 18, Вальбуэна, 40, Бензема, 67, Сиссоко, 73
Швейцарь: Беналио, Лихтштайнер, Журу, Фон Берген (Сендерос, 9), Родригес, Инлер, Бехрами (Жемаили, 46), Шакири, Жака, Мехмеди , Сеферович (Дрмич, 69)
Франц: Льорис, Дебюши, Варан, Сахо (Косельни, 66), Эвра, Сиссоко, Кабай, Матюиди, Вальбуэна (Гризманн, 82), Жиру (Погба, 63), Бензема
Шар хуудас: Кабайе
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ