Месси аргентинчуудаа баярлууллаа
Аргентины шигшээ Ираныг хэдэн ч гоолоор илүүрхэн хожиж чадна гэсэн таамаглалууд тоглолтын өмнө байсан биз. Гэвч Азийн төлөөлөл Ираны шигшээ “автобус” хаалганыхаа өмнө өрснөөр Аргентины гайхагдаад байсан хүчтэй довтолгоо аргагүйтсэн. Аргентинчууд стандарт цохилтоос үе үет аюул тарьж байв. Фернандес, Гарай, Рохо нар Ираны хаалганд аюул тариад амжсан. Эхний үеийн тоглолтоос бол Игуаины дамжуулалтаар Агуэро хаалга руу цохьсон ч Хагиги найдвартай байлаа. Хоёрдугаар үед ч тоглолтын дүр зурагт өөрчлөлт бараг орсонгүй. Мессигийн баг олон дамжуулалт хийж байж өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд тулж байлаа. Гэвч ашиг гаргаж чадахгүй л байв. Харин Иран сөрөг довтолгоогоор гоол оруулчих дөхсөн. Дежага Сабалетагийн араар ухасхийж цохьсныг Ромеро хаасан юм.
1
Төгсгөл руу Иран торгуулийнхаа талбайд багаараа орж хамгаалснаар жинхэнэ “автобус” өрж үзүүлэв. Гэлээ ч 15 минут татаж хамгаалсан Азийн баг сөрөг довтолгоогоор аюул тарих дөхсөн.
Бүгд гоолгүй тэнцээг хүлээн зөвшөөрчихөөд байтал Лионель Месси өрсөлдөгчөө хуураад хаалганы дээд буланд цохьсноор гоол орууллаа. Мессиг шигшээдээ муу тоглодог, ялалт авчирдаггүй гэсэн шүүмжлэлийг ийнхүү Дэлхийн аваргын хоёр тоглолтод няцааж чадлаа.
Аргентин - Иран 1:0
Гоол: Месси, 90+1
Аргентин: Ромеро, Сабалета, Гарай, Ф.Фернандес, Рохо, Гаго, Машерано, Ди Мария (Билья, 90+3), Агуэро (Лавесси, 78), Месси, Игуаин (Паласио, 78)
Иран: А.Хагиги, Монтазери, Садеги, Хоссейни, Поолади, Теймурян, Некунам, Хайсафи (Р.Хагиги, 87), Шожаеи (Хейдари, 77), Дежага (Жаханбакш, 84), Гучаннежад
Шар хуудас: Некунам, Шожаеи
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ