Роналдог америкчууд нутаг буцаачих шахав

img

“Европын бразилчууд” хэмээн нэрлэгдсэн гоёмсог уран тоглолтоороо зартай Португалын шигшээ дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдогийнхоо хамт нутаг буцчих тун дөхлөө. Юрген Клинсманнаар удирдуулсан АНУ-ын шигшээ баг хэдхэн секунд л тэссэн бол хэсгээсээ гарах болзлоо хангаж, харин Роналдо толгойгоо гудайлгах байв. Гэлээ ч тоглолтын сүүлчийн шүгэл тасхийхээс хэдхэн секундын өмнө Роналдогийн баруунаас дамжуулсан бөмбөгийг Варела мөргөж оруулснаар 2:2-оор тэнцэж, энэ хэсгээс ямар багууд дараагийн шатанд шалгарах нь сүүлчийн тойрогт л тодрохоор болов.

1

Тоглолт эхлээд ердөө дөрвөн минут өнгөрч байхад Велозугийн оновчгүй дамжуулалтыг Кэмерон сандарсандаа хаалганыхаа алсын булан руу илгээчихсэнийг Нани цохьж гоол болгосноор Португалчуудын хувьд бүх зүйл сайхан эхэлсэн. Өмнөх тоглолтод АНУ Ганын шигшээг хожсоныг зарим мэргэжилтнүүд “Эрт гоол оруулсныхаа ачаар л итгэлтэй болж, гайгүй тоглосон” гэж дүгнэсэн бол энэ удаад америкчууд эрт гоол алдсан тул ямар баг болохоо яг харуулах ёстой болсон. Тэгээд ч тэд тоглолтын турш Португалын шигшээгээс илүү аюултай довтолгоо олныг хийж, санаачлагыг авч тоглосон юм.

1

Нэгдүгээр үеийн 39 дэх минутад шүүгч тоглолтыг түр завсарлуулж хөлбөмбөгчдөд амсхийх, амрах чөлөө өгсөн нь хөлбөмбөгт үзэгдээд байдаггүй явдал боллоо. Бразилд их халуу шатаж байгаа тул 32 хэмээс дээш халсан тохиолдолд тоглолтын дундуур шүүгч түр завсарлуулах эрхийг эдэлж байгаа юм. Энэ л эрхээ шүүгч хэрэгжүүлсэн нь энэ байв.

64 дэх минутад Жермейн Жонс торгуулийн талбайн гаднаас Бетугийн хаалга руу эргүүлэгтэй цохилт хийхэд португал хаалгач цохилтын агшныг харж амжаагүй тул үсэрч ч чадалгүй хаалгандаа алдлаа. Бүтэн цагийн турш санаачлагыг авч тоглосон америкчуудын хувьд гоол оруулах цаг хугацааны л асуудал байсан гэж хэлж болно. 81 дэх минутад баруунаас дамжуулсан бөмбөгийг португалчууд торгуулийнхаа талбайгаас холдуулж чадалгүй эргээд америкчуудын довтолгоо эхэлчихэв. Бруна Алвеш отон тоглолтын байрлалд өрсөлдөгчөө оруулахаар урагш ухасхийлгүй хоцорсноор Демпси хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг биеэрээ түлхэн гоол оруулчихлаа. АНУ-ын шигшээ 2:1-ээр тэргүүлж эхэлсэн ч португалчууд тоглолтоо олж чадахгүй л байлаа.

1

Ингээд хожигдвол Португалын шигшээд гэртээ харихаас өөр арга үлдэхгүй байв. Гэтэл тоглолт дуустал ердөө есхөн минут үлдчихээд байлаа. Роналдо зүүн өвдөгний гэмтлийн улмаас бэлтгэлээ сайн базаагаагүй ч гэсэн шүүгчийн сунгасан нэмэлт тав дахь минут буюу сүүлчийн шүгэл дуугарахаас ердөө хэдхэн секундын өмнө баруун жигүүрт бөмбөг аваад урагш ухасхийсэн Варелагийн яг толгойд бөмбөгийг дамжуулж чадсан. Варела бөмбөгийг хаахын аргагүйгээр тул мөргөсөн тул Тим Ховардад ямар ч боломж байсангүй.

1

Ийнхүү энэ хэсэгт сүүлчийн тойрогт Герман-АНУ, Португал-Гана тулахаар болж байна. Португалчуудын хувьд хэсгээсээ гарахын тулд Ганыг дор хаяж гурван гоолын зөрүүтэй хожих ёстойгоос гадна германчууд тэдэнд АНУ-ын шигшээг хожиж тус хүргэх хэрэгтэй юм. Гэхдээ Германы шигшээ ч өөрсдөө АНУ-ыг хожиж байж л хэсгээсээ гарах боломжтой болчихоод байгаа тул Роналдогийн багт өөрийн эрхгүй тус хүргэх боломж бий.

1

АНУ - Португал 2:2

Гоол: Жонс, 64, Дэмпси, 81 — Нани, 5, Варела, 90+5.

АНУ: Ховард, Жонсон, Кэмерон, Беслер, Бизли, Жонс, Бекерман, Брэдли, Зуси (Омар Гонсалес, 90+1), Бедойа (Йедлин, 72), Дэмпси (Вондоловски, 87).

Португал: Бету, Жоао Перейра, Рикарду Кошта, Бруну Алвеш, Андре Алмейда (Виллиам Карвальо, 46), Велозу, Моутиньо, Мейрелеш (Варела, 69), Нани, Роналдо, Поштига (Эдер, 16).

Шар хуудас: Жонс.

 1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ