Цагдан хоригдогчийг хамгаална

img

Аливаа хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хориход тухайн хүний эрх шууд хөндөгддөг. Тиймээс “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ, ХЗЯ, УЕПГ, ЦЕГ зэрэг хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд хамтран зохион байгуулсан.

.

Уг хэлэлцүүлгээс хэргийн сэжигтэн, яллагдагчийн эрхийг хамгаалахад чиглэсэн 12 заалттай зөвлөмжийг гаргажээ. Тухайлбал, хүнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур баривчлах, цагдан хорих, удаан хугацаагаар хорьж цагдах зэрэг хүний эрхийг зөрчиж байгаа байдлыг таслан зогсоох. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах боломж олгох, мэтгэлцэх нөхцлөөр хангах. Цагдан хоригдогчийн эрүүл мэндэд анхаарах, нэр хүндийг хамгаалах зэргийг тусгаж өгчээ. Энэ зөвлөмжийг өнөөдрийн хурлаар ШЕЗ-ийн гишүүн, шүүгч Б.Сарантуяа танилцуулсан.

.

Хоригдогчдын эрүүл мэндийг хамгаална

.

Ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн болон яллагдагчаар татагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигддаг. Он гарснаас хойших хугацаанд хорих ангид таван хүн нас барсан нь эрүүл мэндийн шалтгаанаас болсон тухай албан эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл хоригдогчийн эрхийг хамгаалахад чиглэсэн зөвлөмжид түүний эрүүл мэндийг хамгаалах тухай заалт оруулж өгсөн байна. 2005 онд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх” тухай журам байдаг. Үүнийг нийслэл дэх цагдан хорих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр цагдан хорих бүх газарт хэрэгжүүлэх. Үүнд ШШГЕГ болон ЭМЯ-аас тогтмол хяналт, мониторинг хийж, цагдан хоригдогсдын эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах гэж заажээ.

.

Сэжигтний буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөхгүй

.

Аливаа нэг хэргийг шалгаж байгаа байгууллагынхан хэвлэлийн бага хурал зарлаж, тухайн хэрэг, сэжигтний талаар мэдээлэл хийдэг. Үүний дараа сэжигтний өмгөөлөгч “миний үйлчлүүлэг буруугүй” хэмээн хэвлэлийн бага хурал зарлах тохиолдлууд бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон олон нийтэд ч мөн хэргийн тухай, сэжигтний талаарх мэдээлэл сонин байдаг. Тэгвэл энэ үйлдлийг болиулах тухай заалт зөвлөмжийн төслийн тавдугаарт орсон байна. Зөвлөмж гаргагчид хэргийн сэжигтэн, яллагдагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг нэгэн зүйл нь түүний тухай олон нийтийн хэрэгслээр мэдээлэх гэж үзжээ. Тийм учраас гэм буруу нь шүүхээр нотлогдоогүй тохиолдолд аливаа хэрэг, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл гэмт буруутайн талаар олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийхийг хоригложээ. Энэ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай гэж үзсэн байна.

 .

Цагдан хоригдогчдын тоо буурчээ

.

Манай улсын хувьд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийн цагдан хорих нь сүүлийн гурван жилийн хугацаанд буурч байгаа гэж албаны хүн мэдээллээ. Тодруулбал, 2010 онд 2173 хүнийг цагдан хорьж байсан бол 2013 онд 1621 болж буурчээ. Мөн 2013 онд 267 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 80 гаруй хүнийг цагдан хорих шаардлагагүй гэж суллажээ. Мөн энэ хугацаанд нийслэлийн хэмжээд 623 хүнийг сэжигтнээр баривчилж, 553 хүнийг яллагдагчаар цагдан хорьсон нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт аж. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагчтай зүй бусаар харьцах, тэднийг эрүүдэн шүүх тохиолдлууд гардаг. Тэгвэл сэжигтэн, яллагдагч үүний эсрэг, олон улсын жишгийн дагуу гомдол гаргах боломжтой ба үүнийг шийдвэрлэх бодитой хамгаалалтыг процессын эрх зүйгээр хангаж мөрдүүлэхээр болжээ.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ