“Алтанбулаг” чөлөөт бүс нойрноосоо сэрлээ

img

Улаанбаатар хотоос 335 километрийн зайд буюу Монгол улсын хойд хил дээр байрлах “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай боллоо. Тодруулбал, өнгөрсөн ням гариг буюу зургадугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс албан ёсны нээлтээ хийсэн юм. Олон жилийн туршид иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн тус чөлөөт бүсэд худалдаа наймаа эрхлэх боломжийг чөлөөтэй олгосноор улс орны болон иргэдийн амьдралд өндөр ашиг авчирна хэмээн хэлж ярьж ирсэн. 2002 онд Засгийн газрын шийдвэрээр Ази-Европыг холбосон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч холбогдох албаныхан олон жил тал газар, цаасан дээрх тоо баримтаас өөр юу ч хийж бүтээлгүй өнөөдрийг хүрсэн билээ.

:

Ирээдүйн их мөнгөний урсгал болно хэмээн үнэлэгдсэн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд очиход хүн машин дугаарлсан, цагдаагийн хамгаалалттай хашаа угтсан. Дотогш нэвтрэн ороход машин тэрэг хөлхөлдсөн, асар майханд худалдаа наймаа дэлгэгдсэн түм түжигнэж, бум бужигнасан газар угтав. Нээлтийн ёслол эхлэхээс өмнө орчинтойгоо танилцлаа. Нийслэл хотын болон Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн худалдаа наймаа эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүд асар майханд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байх аж. Харин гадна хэсэгт нь явуулын худалдаачид, машин тэргэн дээрээ, газраар бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байх агаад тал газарт л болохоор багахан Нарантуул дээр ирчихэв үү гэмээр сэтгэгдэл эрхгүй төрж байсныг нуух юун.

.

Нээлтэд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар тэргүүтэй албаныхан болон Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат, Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн тэргүүтэй тус бүсийн холбогдох албаныхан, ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөллүүд оролцсон юм. Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болно гэгдсэн тус бүсийн дэд бүтцийг шийдэх, орчны тохижилт зам талбайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг жигдрүүлэхэд нийтдээ 24.8 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.

_

Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Тус худалдааны бүс нь ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах. Түүнчлэн чөлөөт бүсийн худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчих боломжтой юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амласан юм байна.

_

Чөлөөт бүсэд нэвтрэхийн тулд ОХУ-ын Хиагтын боомтоор орж ирсэн тохиолдолд Алтанбулагийн боомт руу оролгүй зүүн урт хэсэгт нь байх чөлөөт бүс гэсэн шугамаар нэвтэрч, хил гаалын хяналтаар дамжих аж. Ингээд чөлөөт бүсэд нэвтрэх юм байна. Харин Монгол талаасаа нэвтрэх бол иргэний бичиг баримтаараа л нэвтрэх эрхтэй аж. Нээлтийн эхний өдөр тул гадаадын иргэд харьцангүй бага байсан тул худалдаа наймаа эрхлэгчид болон иргэд энэ хол газар худалдан авагчгүй тал газарт хуурч авчирлаа, биднээр “шоудлаа” хэмээн бухимдах нь цөөнгүй байсан. Түүнчлэн ОХУ-аас ирсэн шинэ түнштэйгээ гэрээгээ хийж буй аж ахуйн нэгжүүд ч таарч байв. Тухайлбал, “Шилмэл буйдан” ХХК-ийнхан ОХУ-ын Буриад улсын аж ахуйн нэгжтэй урт хугацааны бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх боломж бололцоо хэр байгаа талаар удтал ярилцсаны эцэст гэрээгээ хийж харагдсан.

_

Ингээд “Алтанбулаг” чөлөөт  бүс байнгын ажиллагаатай болж буйтай холбогдуулан  ирсэн зочид болон иргэдээс авсан санал сэтгэгдэлийг хүргэж байна.

х

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Гурван улсыг холбосон анхны чөлөөт бүс

-Ер нь чөлөөт бүс байгуулах санаа гарснаас хойш гурван хууль хүчин төгөлдөр үйлчиллээ. Яг бодитоор ажил болж, даруухнаар эхэлж байна. Удаан хугацааны хүлээлт байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалт гээд олон зүйлээс шалтгаалан цаг хугацаа алдсан. Бидний хувьд энэ бүс нээлтээ хийж байгаа нь тэмдэглэлт үйл явдал мөн. Гурван улсыг холбосон хамгийн анхны чөлөөт бүс юм. Удахгүй хурдны зам тавигдах болно.

_

УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй

-Олон жил ярьж байгаа чөлөөт бүсийн байнгын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Гурван хөршийн бараа чөлөөт бүсээр дамжина гэж итгэж байна. Эхний ээлжинд бараа худалдааны замаар явах байх. Тун удахгүй үйлдвэрлэл хөгжөөсэй гэж бодож байна. Энэ ажил 10-аад жилийн өмнө эхэлсэн боловч дөнгөж анхны алхамаа хийлээ. Сүүлийн үед манай улсыг тойрсон олон улсын байдал хувирч байгаа нь нэмэр болж байна. Эхний ээлжинд хоёр хөрштэйгээ тулж ажиллах хэрэгтэй юм. Мэдээж бэрхшээл байгаа. Гэхдээ таатай нөхцөл бүрдэж байгаа нь сайн хэрэг.

_

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: “Казино”-гийн хуулиа өргөн барина

-Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хуулийг анх 2002 оноос хэлэлцэж эхэлсэн цагаас энэ асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Үе үеийн Засгийн газрын үед энэ асуудал яригдаж ирсэн боловч, байнгын үйл ажиллагаатай болох шийдэлд хүрж байгаагүй. Зөвхөн ярьж ирсэн. Ямар ч байсан ярих биш хийх цаг нь болсон гэдгийг харууллаа. Цаашид үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр эдийн засгийн үр ашгаа өгч эхлэх нь гарцаагүй. Одоо чөлөөт бүсэд мөрийтэй тоглоомын газар буюу “Казино” байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байгаа. Дэлхийн улс орнууд чөлөөт бүсдээ казино байгуулж, түүнээсээ маш өндөр  татвар авдаг туршлагатай. Бид зөвхөн уул уурхай түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаасаа ангижрах боломж байна.

_

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат: Аймгийн иргэд ажлын байртай болох боломж бүрдэнэ

-Сэлэнгэчүүдийн хувьд хүсэн хүлээсэн үйл ажиллагаа болж байна. Учир нь олон хүнийг ажлын байртай болгох боломж бүрдэнэ. Түүнчлэн чөлөөт худалдааны бүсэд 0.2 га газар олгож байгаа бол орон нутгийн иргэдэд 0.5 га-гын газар олгож өгөхийг хүссэн саналыг өгүүлсэн байгаа. Бидний хувьд энэ бүсээр дамжуулан олон шинэчлэлийг хийх боломж бүрдэж байгаад баяртай байна.

_

_

_

Чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимидсүрэн: Худалдааны талбайн хэмжээ 200 ам метр байна

-Бид бизнес эрхлэгчдэд хэдэн зуун сая ам.долларын ашиг олох боломжийг олгохыг зорилгоо болгосон. Энэ нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс байнгын ажиллагаанд шилжлүүлж байна. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэн, том хот болгохын тулд төсвийн хөрөнгийг хараад суух хэрэггүй. Учир нь бизнес эрхлэгчдийнхээ гаргасан санаачлага, менежментийн бодлогод үндэслэн төрийн бодлоготой уялдуулан ажиллах бололцоо бүрдсэн. Газрын тухай хуульд заасны дагуу бид ажиллана. Нэг хүнд ногдох талбайг 200 ам метр гэж тооцож байгаа. Ингэснээр олон хүнд хүртээмжтэй болно. Мөн гадаадын иргэдийн хувьд газрыг эзэмшиж болно гэж хуульд заасны дагуу ажиллах юм.

_

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар:

-Монгол Улсад чөлөөт бүсийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай байгаа. Тиймээс манай яамны зүгээс чөлөөт бүсийн хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Одоо яг хэлэлцэж байна. Бид Алтанбулаг чөлөөт бүсийг босгоход гарч буй сайн, муу саад бэрхшээл гарч байсан. Энэ бүгдийг даван туулж өдгөө нээлтээ хийж байгаад нь баяртай байна.

_

Чөлөөт худалдааны бүсийн Мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсайхан

-Засгийн газрын 227 тоот тогтоолын дагуу  Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Мэргэжлийн хяналтын алба байгуулагдсан. Энэ алба маань одоогоор таван байцаагчтайгаар дөрвөн төрлийн хилийн хяналтын үйл ажиллагаа хийж байна. Үйл ажиллагааны чиглэл нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэл болон иргэдийн ачаа тээшинд хяналт тавих юм.

_

Чөлөөт худалдааны бүсийн Ерөнхий менежер X.Балжмаа:

-Нийт 500 га газартай, түүнийхээ 90 га-г эхний ээлжинд ашиглалтад орруулаад байна. ОХУ-ын иргэд визгүй орж ирнэ. Эхний өдөр 30 гаруй машин 100 гаруй зорчигч ирлээ. Дотоодоос 1500 орчим хүн ирж оролцлоо. Хятадын CCTV, ОХУ-ын Айст ТВ-ээс хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэлээ. Манай үйл ажиллагаа жигдэрсэнээр ОХУ, БНХАУ-ын иргэд худалдаа наймаа эрхлэх боломжтой болохоос гадна Ази, Европын холбосон “Цайны зам” болж байгаад баяртай байна. Чөлөөт бүс маань өөрөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршиж байгаа. Тэр утгаараа бүтээн байгуулалтаа хийж байгаа компаниуд, худалдаа наймаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллах боломж орон нутгийн иргэдэд төдийгүй Сэлэнгэ, Дарханы иргэдэд давуу эрхтэйгээр олгогдож байна. Чөлөөт бүсийн хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Тэр хуулинд хил орчмын иргэд визгүй зорчино гэсэн заалт орж байгаа. Батлагдчихвал хил орчмын иргэд чөлөөт бүсэд чөлөөтэй зорчих эрхтэй болно.

_

Иргэн С.Баяржаргал: Цэвэр, бохирын асуудлыг шийдээгүй

-Чөлөөт бүс нээлтээ хийж байгаа нь сайшаалтай. Гэвч тэд анх ярьж байснаас өөрөөр ажиллаа. Учир нь бохир болон цэвэр усны асуудлыг шийдвэрлээгүй. Уг нь чөлөөт бүсийг барихтай зэрэгцэн Алтанбулагийн бохирын асуудлыг шийднэ гэж байсан. Мөн бид маш их хүлээлттэй байтал Нарантуулын гадуур зогсч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Энд ирсэн хүмүүс иргэдийн үгийг сонсохгүй байна. Сум орон нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь тодорхой биш.

_

Иргэн Б.Эрдэнэхүү: Огт санаанд хүрэхгүй байна

-Арай өөрөөр төсөөлж байсан ч Нарантуул захад очсон мэт санагдлаа. Ядаж суух сандал ч алга, өдөржин холхисоор хүмүүс ядраад амрая гэхээр боломжгүй юм байна. Иймэрхүү маягаар ажиллана гэвэл хайран талбай ингэж сүйтгэж байхаар сургууль, цэцэрлэгээ барьсан нь дээр биз дээ. Огт санаанд хүрэхгүй байна. Учир нь нэг павьлионыг өдөрт 100 мянга гээд найм хоногоор тооцоо хийсэн. Гэтэл гүйлгээ хийх янз алга бололтой. Урам хугарч байна.

_

Иргэн Д.Дуламжав: Хойд хөршөөс худалдан авагч орж ирэх хэрэгтэй

-Хойноос худалдаа эрхлэгчид төдийлөн ирээгүй байна. Би зарим хүмүүсээс асуухад огт мэдээгүй гэж байх юм. Уг нь чөлөөт бүсийн захирагч маш том нээлт болно гээд их л сайхан ярьж байсан. Гэтэл түүний ярьснаас өөр байгааг бүх хүн харлаа. Биднийг 10 гаруй жил хуурсан. Одоо дахиад л хуурах гээд байна уу хэмээн санагдаж байна. Хэрэв энд байгаа хэдхэн хүн худалдаа хийнэ гэвэл худлаа. Хойноос хүмүүс орж ирж байж л гүйлгээ хийгдэнэ шүү дээ. Хойд хөршөөс худалдан авагч орж ирэх хэрэгтэй.

_

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс ямартай ч байнгын ажиллагаатай болж буйгаа ийнхүү зарлаж, иргэдийн хүлээлтийг даван үйл ажиллагаа нь албажав. Барс группын мэдлийн “Барс-Норс” нэртэй худалдааны төвийн барилга ч дуусч байгаа аж. Ням гаригт буюу үйл ажиллагааны хоёр дахь өдөр ОХУ-аас 200 орчим хүн орж ирэхээр хил дээр ирсэн байна, энэ тоо улам нэмэгдэнэ хэмээн албаныхан хэлж байсан юм.

Чөлөөт бүсийн анхны  ачаа тээвэр Оросоос Монгол руу

.

Шинобу Ц.Амарбаясгалан дуудлага худалдаа зарлаж, машинаа 270 мянган ам. доллараар үнэлсэн

:

_

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

????? кккк:
Нээлтийн эхний өдөр тул гадаадын иргэд харьцангүй бага байсан тул худалдаа наймаа эрхлэгчид болон иргэд энэ хол газар худалдан авагчгүй тал газарт хуурч авчирлаа, биднээр “шоудлаа” хэмээн бухимдах нь цөөнгүй байсан.
2016-10-11