
Салют нэгдсэн арга хэмжээг энэ сарын 12-ноос ирэх сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байгаа. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Л.Тодбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.
-Тун удахгүй нийслэлийн хаа сайгүй баяраа тэмдэглэсэн монголчуудын буудуулсан салют нийслэлийн бүрхдэг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбоотой нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа гэж сонслоо?
-Монгол Улсын Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, протекникийн хэрэгслийг хууль бусаар хадгалж, ашиглаж, худалдан борлуулж байгааг таслан зогсоохоор цагдаагийн байгууллагаас холбогдох хяналтыг тавьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэс, тасаг нь хариуцсан нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран Протекникийн хэрэгсэл /салют/ нэгдсэн арга хэмжээг энэ сарын 12-ноос ирэх сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байгаа.
-
Арга хэмжээнд өөр хэчнээн байгууллага оролцож байгаа вэ. Төлөвлөсөн ажил их байгаа байх. Цөөн заримаас нь дурдаж болох уу?
- Уг арга хэмжээнд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын явган болон машинт эргүүлүүд хариуцсан чиглэлдээ, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс нь онгоц, галт тэрэгний зорчигч, ачаа тээшний эргэлтэд, нисэх онгоц болон төмөр замын буудал дээр, Нарантуул худалдааны төвийн гэрээт цагдаагийн тасаг нь хариуцсан нутаг дэвсгэртээ тус тус зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Протекникийн хэрэгсэл /салют/ худалдан борлуулдаг, үйлчилдэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, тээвэрлэлт, ашиглалтад хяналт тавьж ажиллана. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бүхий л арга хэмжээн дээр салют буудуулж байгаа бол зөвшөөрлийн эрхийг заавал авч, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавина. Түүнээс гадна, нийслэлд уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, иргэдэд үйлчилдэг зөвшөөрөлтэй нэр бүхий газруудаас бусад газруудад худалдсан, ашигласан, авч явсан, хадгалсан тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ авч хураах юм.
-Ингэхэд салют буудуулахыг хориглодог газар байдаг юм уу?
-Протекникийн хэрэгсэл /салют/-ийг төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн газар, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, барилгын зоорийн давхар, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа задгай талбай, худалдааны төв, хүнс барааны зах болон иргэдийн гар дээрээс худалдаа хийх, худалдан авах, ашиглахыг хуулиар хориглодог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ