Сирийн бүх химийн зэвсгийг хураав

img

Сири улс химийн зэвсгийн сүүлчийн нөөцөө АНУ тэргүүтэй долоон орны төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсаас хураан авсан бүх химийн зэвсгийг ирэх сард устгалд оруулсанаар Сири химийн зэвсэггүй улсын тоонд багтахаар болжээ.

Хураан авсан химийн зэвсэг дотор мэдрэлд нөлөөлөгч сарин хий, шар хий зэрэг нийт 1300 тонн үлдэгдлийг Латакиа боомтоос усан онгоцонд амжилттай тээвэрлэсэн гэж тус улсын Ерөнхий сайд Ваэль аль Халки  мэдэгдсэн байна.

Химийн зэвсгийг хориглох байгууллагын Ерөнхийлөгч Ахмет Узумку “Сирийн газар нутагт хадгалж байсан химийн зэвсгийн нөөцийн сүүлчийн хэсгийг гаргав. Гэхдээ тус улсад энэ төрлийн химийн зэвсэг байгаа эсэхийг дахин судлах болно” гэж хэлжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад АНУ-ын эрх баригчдын шахалтын нөлөөгөөр өнгөрсөн оны эхээр химийн зэвсгээ хураалгах, устгах ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ