Суаресийн хазалт ба Годиний мөргөлт

img

Дэлхийн аваргын үхлийн хэсгээс Коста-Рика, Уругвайн шигшээ баг шалгарч, харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали болон тун сайн тоглоно гэж ам гараад байсан Английн шигшээ мултарлаа. Итали-Уругвайн тоглолтын хувь заяаг Диего Годиний мөргөлт шийдэж, Уругвайн шигшээ 1/16 шигшээд шалгаран үлдэв. Гэхдээ шүүгч Марко Родригесийн “хүчин чармайлт” бас багагүй үүрэг гүйцэтгэснийг дурьдах хэрэгтэй биз ээ. Шүүгч тоглолтын 59 дэх минутад Маркизиог өрсөлдөгчийнхөө эсрэг бүдүүлэг тоглолт хийсэн хэмээн үзэж, шууд улаан хуудас өгснөөр италичууд арвуулаа үлдсэн нь уругвайчуудад давуу тал олгосон юм. Маркизиод шүүгч шар хуудас ч өгч болохоор алдаа байсан ч хамгийн хатуу шийтгэлийг ногдуулахаар шууд шийдсэн.

1

Энэ тоглолтод Чезаре Пранделли “Ювентус”-т хамтдаа тоглоод сурчихсан хамгаалагчдад найдахыг зөв гэж үзсэн. Италийн багт Балотеллигийн довтолгоонд Чиро Иммобилег гаргасан байлаа. Харин Уругвайн шигшээ өмнөх тоглолтод Английг хожсон бүрэлдэхүүндээ огт өөрчлөлт хийсэнгүй. Нэгдүгээр үед Пирлогийн цохилт, Балотеллигийн ямар ч хэрэггүй алдаанаасаа болж авсан шар хуудас, хоёр багийн хэн хэнээ анасан тоглолт өрнөлөө.

1

Хоёрдугаар үед Балотеллиг суулгаж, Марко Пароллог гаргаснаар Италийн багт төвийн дөрвөн хамгаалагч тоглож эхэлсэн. Тоглолтын 59 дэх минутад Маркизио дээр өгүүлсэнчлэн Риосийн хөл рүү жийснийхээ төлөө тэр даруй улаан хуудас хүртэв. Арвуулаа үлдсэн өрсөлдөгчийнхөө эсрэг уругвайчууд довтолж, тэдний хамгаалалтын цоорхой зайг олохыг хичээсээр байлаа. Английн эсрэг гялалзтал тоглосон Луис Суарес энэ удаад Кьеллинигийн мөрийг торгуулийнх нь талбайд яг л араатан шиг хазаж олныг цочирдуулав. “Аякс”-т, “Ливерпуль”-д тоглохдоо тэрбээр өрсөлдөгчөө хазаж, шийтгэл хүртэж байсан бол энэ удаад Италитай тэнцэж яваадаа бухимдан, эгдүүцэж өрсөлдөгчийнхөө мөрнөөс хазсан нь энэ. Гэлээ ч шүүгч Суаресийн махчин мэт аашилсаныг анзаарсангүй. Кьеллини хазуулсан мөрөө шүүгчид харуулан гүйсэн ч гэсэн түүнийг нь ойшоосонгүй.

1

Үүнээс хойш удалгүй Гастон Рамиресийн хөөргөж өгсөн бөмбөгийг Диего Годин мөргөж, Италийн хаалганд хожлын гоол оруулсан. Тун чухал тоглолтод мөргөж гоол оруулчихаад байдаг Уругвайн шигшээгийн хамгаалагч ийнхүү багтаа ялалт авчирснаар тэд 1/16 шигшээд шалгаран үлдлээ. Уругвайн шигшээ хасагдах шатанд Колумбын шигшээтэй учраа таарсан. Харин үхлийн хэсгийг тэргүүлсэн Коста-Рикагийн шигшээ Гректэй таараад байна.

 1

Итали - Уругвай 0:1

Гоол: Годин, 81

Итали: Буффон, Барцальи, Бонуччи, Кьеллини, Дармиан, Де Шильо, Пирло, Маркизио, Верратти (Мотта, 75), Балотелли (Пароло, 46), Иммобиле (Кассано, 71)

Уругвай: Муслера, Касерес, Годин, А.Перейра (Стуани, 63), Хименес, Родригес (Рамирес, 78), Аревало Риос, Лодейро (М.Перейра, 46), Суарес, Кавани

Шар хуудас: Балотелли, Де Шильо – Аревало Риос, Муслера

Улаан хуудас: Маркизио, 59

 1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ