Цариг “судлаач” нарт

img

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцжээ. Төслийг олонхоороо дэмжээд УИХ-д хэлэлцүүлэхээр болсон гэж орой нь мэдээлэгдлээ. Энэ асуудал ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар хэлэлцэгдсэн ба байнгын хорооны хуралдаанд хийх танилцуулга нууцын зэрэглэлтэй учир асуудлыг мөн хаалттай явуулжээ. Хаалттай хуралдаанаар юу яригдсаныг таамаглаж бичихээс илүүтэй энэхүү төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого буюу цариг тойрсон маргаан дээр нээлттэй болоод байгаа хэд хэдэн зүйл байгааг анхаарцгаая.

1

Үндсэн асуудал. Засгийн газраас шинээр боловсруулсан “төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Монгол улс өргөн нарийн хос царигтай байх талаар заасан.

Төмөр замын тээврийн талаар баримтлах  бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтолын төсөлд  “...БНХАУ-тай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл. Эх сурвалж http://www.parliament.mn/laws/projects/421 /

Тогтоолын төсөлд хоёр царигийн хэмжээ, төмөр замын чиглэл тов тодорхой заагдсан байна.

1

Нарийн цариг яагаад болохгүй гэж

1

Засгийн газрын түвшинд хэд, хэдэн чиглэлд нарийн царигтай төмөр зам эхлүүлэх шийдэлд ерөнхийдөө хүрсэн юм байна гэдэг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын эрс шийдэмгий, хатуу шүүмжлэлтэй дуугаралтаас ойлгогдож байна. Тэд ил шулуун дуугарч нарийн царигийн бодлогыг найруулан дэмжигч улстөрчдийг эх оронч бус, хувиа бодсон хуйвалдагчид гэж зарлаад байна. Зарим улстөрчийг нэр заан хэлж, тусгаар тогтнол аюулгүй байдлын хэмжээнд ноцтой гэж  болох асуудал тавьж нарийн царигийн эсрэг зогсож байгаа талынхны “сэрэмжлүүлэг” санааг бөөгнүүлж харья.

1

Хэрвээ. Хятад улс руу олон салаа замаар түүхий нүүрсээ гаргаж эхэлбэл эхнээсээ хөрөнгө хаяж хол явчихаад байсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, боловсруулах үйлдвэр гэдэг үндсэндээ байхгүй болно. Шулуун тавигдсан төмөр замаар нүүрсээ түүхийгээр нь зөөгөөд эхэлсэн байхад энэ цогцолборын бүтээн байгуулалт боловсруулах үйлдвэрт мөнгө хаях зоригтой бас тэнэг гэмээр хөрөнгө оруулагч олдохгүй. Сайншандын цогцолбор ийн унаж нарийн царигт төмөр зам салбарлан тавигдсанаар бид Хятадын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч хараат орон хэвээр үлдэнэ. Түүхий эдээ хямд зөөдөг, зөрүүлээд наад захын бүх хэрэгцээ, өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог эдийн засгийн хараат орон хэвээр байна. Нарийн царигийн ард эрх мэдэл хүч нөлөөгөө монголд баттай тогтоох гэсэн хэдхэн баян гэр бүлийн ашиг сонирхол бодитой хэрэгжинэ. Аюулгүй байдал талаас ч асуудал үүснэ. Нарийн царигийг дагаад алсдаа бий болох Хятад иргэдийн шилжилт хөдөлгөөн суурьшилт нэмэгдэнэ. Хэзээ нэгэн цагт Москва-Крымийн хооронд үүссэн шиг толхилцоон болоход иргэдээ хамгаална гээд бэлэн тавьсан төмөр замаар Бээжин цэрэг танкаа оруулахыг үгүйсгэх газаргүй. Тэгэх цагт одоогийн баян улстөрчид бүгд зугатаж зарим нь нутагтаа /хятадад/, ихэнх нь Америкт хауз хороололд амарч байх юм. Ер нь бол Хятадын олон үе дамжсан Монголыг “авах” хүсэл энэ нарийн царигийн төмөр зам эхэлснээр төгөлдөржин хэрэгжинэ... гэсэн багц санаа явж байгаа. Сүүлийн хэд хоног телевизүүдээр цацсан төлбөрт нэвтрүүлгийн гол “мессеж” товчдоо ийм агуулгатай байна. Энэ бүхэн нь бодож эргэцүүлэх асуудал, хөндүүр сэдэв мөн.

1

Өөр яах юм бэ

1

Нөгөө талд нь “тэгээд өөр яах юм бэ” гэсэн асуулт тавигдана.  Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. Үүний 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг алт тус тус бүрдүүлнэ. Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан. Гэвч оны эхний дөрвөн сарын байдлаар 3.6 сая тонныг борлуулжээ. Энэ нь 45 сая ам.доллартай тэнцэж байгаа аж. Үүнийг 2012 онтой харьцуулбал тав дахин унасан үзүүлэлт юм. Ийм байхад нүүрсээ машинаар зөөсөөр байх нь ямар ч эдийн засгийн сэтгэлгээтэй хүний хийх ажил биш. Нүүрсээ гаргаж мөнгө олно гээд тогтсон л юм бол үхэр тэргээр биш автомашинаар ч биш төмөр замаар л зөөж байж үр дүнг нь үзэж, өсөлттэй экспорт хийнэ. Нөгөө талд нь Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай тавья л гэж байна. Энэ замаараа нүүрсээ хоёрдогч гуравдагч зах зээлд хүргэе... гэдэг тайлбар, учирлалыг хэлж болох юм.

1

Иргэд ямар бодолтой байна

1

Харин иргэдийн бодол санаа цариг дээр ямар байна. Хятадын нөлөө, хараат байдал тогтох гэдэг талаасаа буюу эх оронч үзэлд тулгуурласан үзлээрээ иргэд нарийн царигтай төмөр зам тавих нь зөв гэдэгт эргэлзсээр байгаа. Гэхдээ өргөн царигтайгаа, Орос ахтайгаа, тааруухан амьжиргаатай дуусья гэж туйлшрахгүй байх. Эдийн засаг, экспорт импорт, эрэлт нийлүүлэлтийн тухай ойлголттой болсон иргэд шанагаар нь залгидаг хэрэглээтэй улсад нүүрсийг халбагадаж өгч байгаа энэ төрийн инээдтэй наймааг шоолж байна. Ийм байдлаар нүүрсний зах зээл дээр ашигтай ажиллаж мөнгөтэй болно гэдэг бүтэхгүй гэдгийг Итгэлт баяны хар ухаанаараа ч ойлгоно. Харин геополитик, эх орон, тусгаар тогтнол гэсэн амин асуудлыг тавихаар өргөн, нарийн цариг гэдэг дээр туйлшрахгүй байж, хэлэх үгээ цэнэж байна. Алтан дунджаар хоёр цариг нь хоёулаа байг л дээ гэж хэлэх хэсэг ч байх. Тэд гадагшаа зөөдөг нүүрс нь барагдаад ирэхээр нарийн царигтай төмөр зам нь хаагдаж болно шүү дээ гэсэн тайвширлаар асуудлыг зөөлтгөн харж байгаа байх. Энэ нь гэнэн сонсогдох ч ерөнхийдөө асуудлыг эвтэй, эрсдэлгүй шийдье гэсэн олонхийн санаа.

1

Царигийн маргаанаас дотроо талцаан үүсэх нь бидэнд сайн юм өгөхгүй гэдэг дээр бүгд санал нэгдэнэ. Ноёд цадахад ... гэдэг шиг улстөрчид талцаад ирэхээр төр хямарч, бусдын идэш болно гэдгийг сайн мэдэх ард түмэн бид.

1

Засгийн газар

1

Хоёр хөрш болоод улс төр, бизнесийн бүлэглэлийн шахалт дунд хоёр цариг хоёулаа л байг гээд хөлөө алцайгаад зогсчихсон байгаа Засгийн газар халиуны зулзага болоод байгаа харагдана. Их гүрнүүдийн хол хараатай өрөг, уран нүүдлийн “монжоо” тайлагдаж эдийн засгийн хямрал гэсэн гарцаагүй шахалт дор төр засгаас ийм шийдвэр гарч байхыг ч үгүйсгэх аргагүй.

1

Манай оронд өчигдөр гадаадын зочид төлөөлөгч ихтэй байсан ба энэ хүрээнд Ерөнхий сайд хоёр уулзалт, нэг бараалхалт хийсэн талаар мэдээлэгдсэн. Мэдээний товчийг булгавал  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенкод бараалхаж ...ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн, бүх талын найрсаг харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд илэрхийлээд энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахыг Монголын тал санаачлан хөтөлбөрийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулж, Оросын талд өгсөн болохыг ... онцлон хэлсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзаж ...БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь чухал... гэж мэдэгдлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “...Ойрын хугацаанд Монгол Улсад хийх БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

1

Бид хоорондоо өргөн цариг /оросынх/, нарийн цариг /хятадынх/ гэж ширүүхэн үзэж байгаа энэ өдрүүдэд хоёр хөршөөс ийн хоёр элч иржээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн дуулгасан тун удахгүй манай оронд хийх БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын сургаар бол манай төр эхний ээлжинд нарийн царигийн асуудлыг бараг шийдчихсэн юм байна гэсэн таамаг дэвшүүлж болохоор байна.

1

Цариг “судлаач” нарт хэлэх үг

1

Царигийн маргаан наанаа үзэл бодлын зөрүү, мэтгэлцээн мэт боловч цаанаа нөлөө бүхий бүлэглэлүүд том эрх ашиг дээр цом булаалдаж байгаа төсөөлөл олон нийтэд бууж байна. Хэрвээ үүнийгээ “тэмцээн” биш тэмцэл болгох гэх юм бол энд хэн нь ч ялсан ард түмний өмнө “араа даах” л хэрэгтэй болох юм. Эх орон, тусгаар тогтнолоос давсан эрх ашиг гэж байхыг иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Хятад хүмүүс олноор нүүдэллэн ирж эрх чөлөө, эх нутгийг нь булааж болох юм гэсэн мөнхийн санамж монгол хүний тархинд бат бөх суусан байдаг. Ганц үлээхэд дүрэлзэн асахад бэлэн байдаг энэ цогшилыг бүр бөхөөх, нэг бол өрдөн асааж түймэр дэгдээх гэх хэрэггүй биз. Гагцхүү ялахын төлөөх улс төрийн явцуу зорилгоор иргэдийн эх оронч үзлийг төрөө сөргөх эгдүүцэл болгон өдөөх юм бол энэ ариун үйл биш болно.

1

УИХ цэг тавина

1

Цариг дээр улстөрчид өөр өөрийн төлөөлөх улс төрийн нам, бизнес бүлэглэлийн өмнө хэн нь хэний хүү болохоо харуулахаар хуваагдсан байгаа нь ч ил тодорхой болж ирж байна. “...Салбар хариуцсан сайд нь бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ өнөөдрийн хуралдаанд /хаалттай явагдсан/оролцох үеэрээ хэллээ. Ерөнхий сайд харин гуйгаад сууж байна. Ийм л юм боллоо. Төмөр замын асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа нь Ардчилсан намын фракци хоорондын тэмцлээс болсон” гэж сөрөг хүчний төлөөлөл хаалттай хуралдааны цаадахыг ил болголоо. УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхэн нарийн царигийн талд гэдгээ өчигдөр албан ёсоор олон нийтэд мэдэгдлээ. Одоо УИХ энэ асуудалд цэг тавина.

1

“Бизнес хүн яах гэж улс төрд ордог вэ гэвэл бизнесээ л хамгаалах гэж ордог” гэж улс төр судлаачид хэлдэг. Харин манайд шинээр бий болоод байгаа мэргэшсэн “цариг” судлаачид, уриалан ухуулагчид, улстөрчид явсаар “эх орон” гэдэг ганц улаан шугаман дээр ард түмэнтэйгээ нэгдэнэ гэж хүлээе.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Копэрникууд
2023-03-11
Говийн ахмад төмөр замчид өргөн царигийн зам говьд таардаггүй гэх яриа байдаг. Тэглээ гээд өргөн царигийн зам нарийн царигийн замын стандарт ижил гэж ойлгож болохгүй
2021-09-12