Б.Шинэбаатар Н.Мөнхбаттай холбоотой юу

img

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Гэхдээ ямар шалтгаанаар, хэзээнээс шалгаж эхэлсэн нь тодорхойгүй. Таамаг төдий байгаа сэжүүр нь Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотой байж болзошгүй. Чамгүй өндөр үнээр босгосон бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, ард түмнийг өрийн дарамтад оруулж байна гэсэн шүүмжлэлд Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам өртөх болсон. Энэ шүүмжлэл Хөгжлийн банкинд ч хамааралтай. Тиймээс ч АТГ-аас Чингис, Самурай бондын зарцуулалтад анхаарал хандуулж эхэлсэн нь энэ бололтой. Бондын хөрөнгийн зарцуулалтын хяналт зөвхөн Н.Мөнхбатаар хязгаарлагдахгүй. Сүүлийн үед дуулиан болоод байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарыг тагнаж, чагнасан явдал үүнтэй холбоотой бололтой. Гэхдээ Б.Шинэбаатарыг АТГ-аас тагнаж чангасан уу гэдгийг тогтоох боломжгүй. Зөвхөн Эдийн засгийн хөгжлийн сайдын ойр дотны хүмүүс хууль хяналтын байгууллагын овоо хараанд өртөж эхэлснийг л хэлэх боломжтой. Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар бол ажлын хэргийн үүднээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын "баруун гар". Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь Н.Батбаярыг УИХ-ын гишүүн болоход туслахаар нь ажиллаж, сайд болоход нь зөвлөх болон дэвшсэн. Товчхондоо даргатайгаа адилхан шатаар дээш өгссөөр өдгөө Хөгжлийн банкийг удирдаж байна. Харин тэдний хоорондох ямар уялдаа холбоо хууль хяналтынхны хараанд өртсөнийг цаг хугацаа бас АТГ-ын шалгалтын хариу харуулах биз ээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ