Мерил Стрип: Намайг үхэхээр Оскарын шагналтай минь цуг оршуулаарай

img

Оскарын гурван удаагийн шагналт, Холливуудын нэрт жүжигчин Мерил Стрип хэдхэн хоногийн өмнө “ShortList.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр энэ сарын 22-нд 65 нас хүрсэн билээ.

6

-Миний урд сууж буй гайхалтай шаргал үст хатагтай бол Оскарт 16, Алтан бөмбөрцөгт 27 удаа нэр дэвшиж байсан энэ цаг үеийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг. Мэдээж хэрэг Холливуудын эмэгтэй уран бүтээлчид энэ хатагтайн амжилтыг эвдэхэд багагүй хугацааг зарцуулах нь тодорхой. Өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр жүжигчин Жулия Робертс хэлэхдээ “Мерил Стрип үнэхээр тэвчээртэй. Тэр гуравхан удаа л Оскар хүртэж 13-ыг нь бусдад алдаж байсан” гэж хэлсэн. Таны нэрийг бус өөр хэн нэгний нэрийг дуудах тэр мөчид юу боддогддог вэ?

-Мэдээж хэрэг тийм ч сайхан байддаггүй. Гэртээ очоод нэр дэвшсэн киногоо үзээд юун дээр алдваа гээд л бодож эхэлдэг. Дараа нь Оскар авсан уран бүтээлийг үздэг. Харьцуулалт хийнэ. Тэгэхдээ би хэзээ ч сэтгэлээр унаж, Оскар авч чадсангүй гээд уйлж байгаагүй юм шүү.  Жулия Робертс зөв хэлжээ. Би тэвчээртэйгээс гадна сэтгэлийн тэнхээ минь уул шиг бат бөх. Тиймээс л би үргэлж инээмсэглэдэг.

6

-Та гайхалтай олон уран бүтээлд тоглож, дүрээ мөнхөлсөн. Хөлбөмбөгөөр авч үзвэл Бразилийн домогт тамирчин Пеле шиг. Тэр хүний гайхалтай уран хөдөлгөөн торгон мэдрэмжийг энэ цагийнхан нэг л дутуу гүйцэтгээд байна. Илүү гарч чадахгүй байгаа учир энэ эрхэм домог мэт хүндлүүлж байна. Та ч гэсэн яг л энэ эрхэм шиг. Та 80-аад уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн. Таныг Холливуудыхан “Мянган төрхтэй эмэгтэй” гэж өргөмжилдөг. Энэ тухайд?

-Үнэхээр сайхан сонсогдож байна. Аз жаргал, омогшлыг мэдэрч байна. Би урлагт зүтгээд 40 жил боллоо. Анхныхаа дүрийг 25 настайдаа бүтээж, нэг л мэдэхэд урлаг гэх Атлантын далайн яг төвд ирчихэж. Олон ч сайхан найруулагч, хамт олонтой ажиллав. Бусдаасаа огт өөр, давтагдашгүй дүрийг бүтээж, хэдэнтэй Оскар, Алтан бөмбөрцөгийн шагнал хүртэж, Мерил Стрип гэх энгийн нэрийг эгэл болтол нь өргөмжлүүллээ. Пеле, бид хоёрын амжилтыг залуу хойч үе минь нэг л өдөр эвдэнэ гэхээс би айхгүй байна. Урлаг, спорт хоёр үргэлж шинэчлэгдэж байдаг ч анхны бүхэн анхных л байдаг.

6

-2010 онд худалдаанд гарсан “Meryl Streep” хэмээх номонд “Намайг үхэхээр Оскарын шагналтай минь цуг оршуулаарай” гэж бичсэн байдаг?

-Тиймээ. Би бүтээсэн дүр болгоноо хүүхдүүд шигээ хайрладаг. Тэгэхдээ өөрийнхөө бодит түүхээр бичсэн “Meryl Streep” номны төгсгөлийн 284 дүгээр хуудсанд “Намайг үхэхээр Оскарын шагналтай минь цуг оршуулаарай” гэж бичсэнд хүн бүхэн гайхдаг. Мерил чи яагаад ингэж бичив, галзуураагүй биз дээ гээд л сум шиг хурц үгнүүд намайг чиглэж ирсэн. Хөгжилтэй нь яагаад ингэж бичсэнээ өөрөө ч ойлгодоггүй. Нэг л мэдэхэд энэ мөрт цаасан дээр тэр тусмаа номон дээр бичигдчихсэн байсан. Үхэлдээ бэлдэх тийм ч муу зүйл биш.

 6

-Та бүтээсэн дүр болгондоо давтагдашгүй байдаг, цор ганц ч юм уу? Ойролцоо зохиолтой хэд хэдэн уран бүтээлд та тоглож байсан. Тэгэхдээ тэр бүтээлүүдийн гол дүр тэс өөр байдаг?

-Зохиолоо сайн судлаагүй жүжигчид бусдын жүжиглэлтийг дуурайх болон нэгэн хэвийн дүрд эзэмдүүлдэг. Өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Би сайн багштай таарсандаа өөрөөрөө бахархдаг. Тэд надад жүжиглэлт гэх зүйлийг ойлгуулсанаас гадна дүрд хэрхэн хувирах нарийн торгон мэдрэмжийг зүрх, тархинд минь зэрэг суулгасан. Би ямар ч зохиолчийн 1, 100, 1000 хуудас зохиолыг авсан тэр өдрөөсөө кино зохиолдоо нэг сарыг зориулж, судалгаа хийдэг. Тэгж байж дүр түүхий болохоос сэргийлдэг. Дараа нь би хамтран тоглох уран бүтээлчтэйгээ тольтой дасгал хийж, нэг нэгнээ илүү ихээр танидаг. Төгсгөлд нь би найруулагчаа зүгээр л сонсч, түүний төсөөллийг өөрийнхөө шинэ төсөөлөлтэй хольж хутгаад л зураг авалтдаа ордог. Дүрийн судалгаа, хамтран тоглогчгүйгээр төгс болгоно гэж үгүй. Найруулагч, зургийн дарга нар жүжигчид болон кино багийнхныг утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж байж л төгс бүтээл гарна. Бид бусдаас илүү гарахын оронд найруулагчийнхаа хүсэл сонирхолд нийцэх учиртай.

5

-Их Британийн Ерөнхий сайд буюу төмөр хатагтай Маргарет Хилда Робертсийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Iron lady” киноны гол дүрээр та гурав дахь  удаагаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Британийн эрхэмсэг хатан хаан II Элизабет хүртэл таны жүжиглэлтийг гайхан биширч буйгаа нуугаагүй. Та энэ дүрийг бүтээхийн тулд юун дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн вэ?

-Энэ хатагтай бол бодит түүх. Түүний тухай олж мэдэхэд хугацаа тийм ч их зарцуулаагүй. Яагаад гэвэл түүний намтар түүх Английн бүх сурах бичиг, ном болгон дээр байдаг. Би энэ дүрийг хүлээн авсан өдрөөсөө төмөр хатагтай Маргарет Хилда Робертийн амьдралтай зөрчилдөхийг хүсээгүй. Зүгээр л түүнийг булшнаас босгохыг хүссэн. Харсан, үзсэн хүмүүс бүгд л намайг Мерил Стрип гэж дуудахын оронд төмөр хатагтай гэж хэлүүлэхийг хүссэн.

6

-Авъяас чадвар хөгширдөггүй гэдгийг ойлгох шиг?

-Авъяас чадвар хэзээ ч хөгширдөггүй. Тэр тусмаа жүжигчин хүн хөгширдөггүй. Яагаад гэвэл бид дэлгэцэн дотор төрж, дэлгэцэн дотор үхдэг. Тиймээс жүжигчин хүн бодит амьдрал дээр үхдэггүй юм. Амьдрал биднийг дэлгэцэн дотор алж дэлгэцэн дотор амьдруулдаг.

6

-Нэгэн үед орж ирсэн жүжигчид цаг хугацаа явахын хэрээр урлаг гэх дайны талбарт амь үрэгдэж, шантарч байхыг харахаар юу боддогддог вэ?

-Юу гэхээ сайн мэдэхгүй байна. Нэг хүнийг жишээ болгоод яривал би өөрөө хүний нэр хүндэд халдсан хэргээр шоронд орох болно. /Инээв/

6

-Урлаг танд юу өгсөн вэ?

-Урлаг надад хайр, аз жаргал бэлэглэсэн. Урлаг надад бүхнийг өгсөн.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ