“Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв” дээд хэмжээний зөвлөлгөөн болж байна

img

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкнаас Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв” дээд хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулж байна. Зөвлөлгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд дэлхий болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарсан энэ үед манай орны нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох  олон улсын хэмжээний мэргэжилтнүүд оролцсон дээд хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулж байгаа нь чухал арга хэмжээ болж байна гэж Ерөнхий сайд хэллээ. .. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын гол нэрийн бүтээгдхүүний хэмжээ 30 хувиар өсчээ. Алт, зэс, түүхий газрын тосны экспортын хэмжээ өсч, төмрийн хүдрийн экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Экспортлосон нүүрсний  хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 1 сая 500 мянган тонноор илүү байна. Гэвч дэлхийн зах зээлд   бүтээгдхүүнүүдийн үнэ унаснаас манай эдийн засагт орж ирэх орлого зохих хэмжээнд хүрэхгүй байна гэж Ерөнхий сайд хэллээ. Өнгөрсөн оны эхний 5 сард манай улсын гадаад худалдааны алдагдал 800 орчим сая доллар байжээ. Энэ жилийн эхний таван сарын байдлаар 200 орчим сая доллар болж буурлаа. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг хийж байгааг мөн Ерөнхий сайд дурьдлаа. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдхүүнийг нэмэгдүүлэх, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд шаардлагатай машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох, томоохон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гаалийн болон  НӨАТ-ыг тодорхой хугацаагаар хойшлуулах, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, төрийн шаардлагагүй хяналт шалгалтуудыг зогсоох, үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлөх, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийж байгааг хэллээ. . Зөвлөлгөөн Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, байгалийн баялагтай орнуудын төсвийн асуудал, эрчимтэй өсөлт болон банк санхүүгийн салбарын эрсдэл зэрэг сэдвүүдээр үргэлжилж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ