Д.Лүндээжанцан: Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онгоц онгоцоор гадаадад аялж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Засгийн газраас шаардаж байгаа олон зүйл байгаа. Засгийн газар УИХ-д ил тод тайлагнах зүйлээ нуугаад байвал хардлага төрүүлээд байна. Хэзээ гишүүдэд тайлангаа ил тод болгох юм бэ? Бараа ажил үйлчилгээ худалдан авах газраас тендэрийн баримт бичгийн талаар мэдээлэл авах гээд хэд хэдэн удаа шаардлаа. Өнөөг хүртэл өгөөгүй байна.
_
ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:
-Д.Хаянхярваа гишүүнийг асуусан асуултад эхний ээлжинд өгч байсан. Нэмэлт мэдээллийг хэсэг хугацааны дараа өгсөн. Ерөнхий сайд мөн чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийсэн. Тендэрийн бичиг баримтыг шаардлагатай бол дахиж өгье. Материалыг нууж хааж байгаа зүйл байхгүй. Сэтгэл нь ханаагүй бол дахин нэмж гаргаж өгч болно.
_
УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн:
-Монгол Улсын гадаад дотоод өр ямар хэмжээтэй байна вэ?
_
Сангийн сайд Ч.Улаан:
-2013 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 49 хувьтай байсан. Энэ нь Засгийн газраас тогтоосон баталгааны хэмжээ орж тооцогдож байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 62 хувьд хүрсэн гэсэн яриа гарсан. Энэ нь 2012 оны дүн юм. ОУВС улсын өрийг нэрлэсэн үнээр нь тооцож гаргадаг аргачилалтай. Манай улс Тогтвортой байдлын тухай хуулиар тооцож гаргадаг. Монгол Улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгаа. Нэрлэсэн үнээр 11,3 их наяд төгрөгийн өртэй байгаа.
.
Ерөнхий аудитор Н.Зангад:
-Нийт өрийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэсэн хэмжээнд хуулийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээ байгаа.
.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үндсэн чиглэлийг төлөвлөх асуудал дээр бөөн яриа болдог. Төсвийн гүйцэтгэл, үндсэн чиглэлийн биелэлтийг Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо парламентат ёстойгоо холбоод хэлэлцэх ёстой. Төсвөөрөө дамжуулж гүйцэтгэлийг бусад байгууллагадаа тавих ёстой. Хяналт шалгалтын үйл ажиллагааны 70 хувь нь төсвийн гүйцэтгэл дээрээ гардаг. Энэ асуудлыг хэвэнд нь оруулж өгмөөр байна. Үүндээ бид дүгнэлт хийх шаардлагатай. Аудитыг энэ зорилгоор байгуулсан. Өр дүнгийн зөвлөмжийг харж үзэх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилийн төсвийн зарцуулалтыг харахад сангийн мөнгийг долоо иднэ гэдэг шиг болж байна. Хяналт шалгалтыг нь бид дутуу идэж байна. Вагон вагонаар нь гэдэг шиг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид онгоц онгоцоороо гадаадад явсан байх юм. Төсвийн байгууллагын орон тоо нэмэгджээ. Сургууль цэцэрлэг шинээр байгуулагдаад орон тоо нэмэгдсэн байж болно. Бусад төсвийн байгууллагад орон тоо нэмэгдсэн тал байна уу?
.
Сангийн сайд Ч.Улаан:
-Механизм талаас нь уялдуулах, зохицуулах шаардлага байгаа. Төсвийн гүйцэтгэлийг УИХ хэлэлцэж баталдаг. Улсын төсвийн тайлан гүйцэтгэлийг УИХ хянаж баталдаг журамтай. Энэ дагуу төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн хянаж оруулж байна. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн. Орлогоо бүрдүүлэх, түүнийг зарцуулах, үүрэг хариуцлагыг хүлээх эрх мэдлийг шилжүүлсэн. Харин хяналт сайн бүрдээгүй байна.
.
Ийнхүү гишүүдийн асуулт асууж, хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ