Ц.Элбэгдорж: Монголын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн сэтгэлийг мохоож болохгүй
2014-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн, ҮХАА-н экс сайд Х.Баттулгыг хүлээн авч уулзав. Уулзалтаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гишүүн Х.Баттулгад хандан зэмлэх, зөвлөхийн завсарт үгээ хэлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн экс сайд Х.Баттулгад хандсан яриаг хүргэе. Тэрбээр хэлсэн  үгэндээ:

5

-Бидэнд тодорхой нэгдэх сэдвүүд байна. Гадаад бодлого, улс төр, үндэсний эв нэгдэл зэрэгт бид нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ийм сэдвүүдээр бид нэг талын улс төр хийж болохгүй. Яагаад гэвэл энэ сэдэв дээр улс төр өөрөө хагалаад байдаг юм. Гадаад бодлого, үндэсний эв нэгдэл дээр бид уламжлалт нэгдмэл байр суурьтай. Нэг нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалттай цацахаар нөгөө талаас нь бас нэг хэсэг нь нэвтрүүлэг хийнэ. Үүний үр дүнд бодлого гаргаж байгаа хүмүүсээс  эхлээд жирийн ард иргэд ч хоорондоо хагаралдаж эхэлнэ. Монголчууд хоорондоо хагаралдаад, зодолдоод эхэлвэл хэн очиж салгах вэ? Үүн дээр бодолтой хандах ёстой. Жирийн иргэд асуудлыг тал талаас  нь ярьж байж болно. УИХ-ын гишүүн улс төрийн өндөр албан тушаалтан ямар ч асуудлыг санаачлаад УИХ-аар хэлэлцүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хийх хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ харийн гар хөл гэж хэлэх эрх хэнд ч байхгүй.  Би тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Хэний бодлогыг хэнд ярьж өгөөд, хэний өмнөөс хэний сурталчилгааг хийгээд байгаа юм бэ гэж гайхсан. Улс үндсээ хооронд нь хагардуулах нь Монгол төрийн бодлого биш. Хөршөө муулах нь манай улсын бодлого биш. Хийе бүтээе, Монгол Улс хөгжинө гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохоох явдал бидний бодлого биш. Ийм байдал, ийм арга Монголын сайн сайханд туслахгүй. Бие биенээ муулах янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байсныг больж, улс төрд зөвшил хийсэн. Нэр усгүй, гүтгэлгийн шинж чанартай, нэг талыг барьсныг болиулсан. Улс төрд тогтож байсан сайн соёлыг өөрөө эвдэж эхэлж байна. Ийм муу зүйлд өөрөө гаршиж болохгүй. Бид сайн соёлоо түгээж, ил ярилцах хэрэгтэй. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжиж байгаа нэвтрүүлгийг хүүхдүүд, залуучууд, байр суурь нь тодорхойгүй дөнгөж цэцэглэж байгаа хүүхдүүд үзэж байгаа. Тэгээд ийм маягаар улс төр хийж, асуудлаа шийдүүлж болдог юм байна гэдгийг залуустаа өгч болохгүй. Айлын хоймор, телевизийн дэлгэцээс хүний цус шинжлээд сууж болохгүй. Үүнээсээ татгалзах хэрэгтэй. Монгол Улсын нэрийн өмнөөс ярих эрх нэг л албан тушаалтанд байдаг. Ийм учраас би хэлэх үүрэгтэй гэж бодож байна. “Нэг нэвтрүүлэг хийгээ л биз. Юун сүртэй юм” гэж зарим хүмүүс бодож байгаа байх. Мэдээлэлтэй байгаа хүмүүст энэ бол дэндүү өрөөсгөл зүйл.  Энэ бол Монголын хөгжил сайн сайханд нэг тоосго нэмэхгүй.

6

"Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврээс Монгол Улс өнчин үлдэж болохгүй"

6

Олон жил янз бүрээр хуваагдаад яриад байгаа нэг сэдэв нь төмөр зам. Монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Монголын төр, ард түмэн дэмждэг, үнэлдэг. Төмөр замчид шөнө өдөргүй зүтгэж, нуруун дээрээ энэ ачааг үүрч явж байна. Ноднингийн сонгуулиар би “Монголын өвгөн төмөр зам өнөөдөр ачааллаа даахаа болилоо. 65 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Монголын төмөр зам дан нуруутай яваад байна. Давхар нуруутай болгоё. Энэ бол миний итгэл үнэмшил. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй. 2008 онд Х.Баттулгат Зам тээврийн сайд болоход нь хэлж байсан. Эмээлтээс урагшаа явж байгаа  гацааг хийгээрэй гэсэн. Одоо болтол энэ замыг хийгээгүй байгаа.

6

Ази Европыг холбосон төмөр замын хөгжлөөс Монгол Улс хоцорч болохгүй. Дамжин өнгөрөх тээврийн энэ асуудлаас Монгол Улс өнчин үлдэж болохгүй. Манай төмөр зам жилдээ 20 сая ачаа тээж байна. Үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. Давхар нуруутай болбол 100 сая, 200 сая тонн ачаа жилдээ тээдэг болно. Алтанбулагаас явж байгаа Замын Үүдэд хүрч байгаа төмөр замаа давхар болгоё. Улаан-Үдэд хүрсэн байгаа төмөр замаа цаашлаад Хятадын Жиньн боомт руу холбоё гэж байгаа. Зүүн талаар явж байгаа Эрээн цаваас төмөр зам орж ирсэн. Чойбалсан хүрсэн төмөр замаа урагшаа Бичигтээр гаргая. Төмөр зам ямар их үүрэгтэй гэдгийг дамжин өнгөрдөг нутгийн иргэд сайн мэднэ. Зүүн талаараа хоёр хөрштэйгөө дамжин өнгөрөх төмөр замаа баривал зүүн бүс нутгийн хөгжил цэцэглээд ирнэ. Баруун талаараа төмөр зам тавих асуудлыг УИХ-д оруулсан байгаа. Энэ бол муу зүйл биш. Баруун талаараа Тува руу төмөр зам тавина. Тэр нь Красноярск руу холбогдож болно. Ингэвэл баруун бүс нутгийн хөгжил босч, жин нь нэмэгдэнэ. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал бэхжинэ. Бидний өвөг дээдэс замд маш их ач холбогдол өгдөг байсан. Казахстанд Торгоны зам гэж байна. Хятадын ачаа Казахстан Оросоор дайраад Европ руу гарч байна. Хятадын ачаа Турк, Иранаар дайрч гарч байна. Үүнд монголчууд хоцорч болохгүй. Энэ чинь бидний өвөг дээдсийн хийж байсан ажил. Ийм ажил хийж байхдаа бидний өвөг дээдэс хүчтэй байж, дэлхийн гүрнийг байгуулж байсан.

6

“Өөрт чинь  боломж, эрх мэдэл, цаг хугацаа байсан”

6

Дээр нь нүүрсний төмөр зам байна. Тавантолгойгоор Гашуун сухайт руу нүүрс тээдэг зам. Хэдэн жилийн өмнө монголчууд нүүрс тээвэрлэдэг болоод талыг там болгосон. Тал гамшиг болсон. Хүн мал, ан амьтан тэнд ямар болж байна. Тиймээс тэнд төмөр зам бариад нүүрсээ зөөх нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрсэн. Энэ төмөр замыг тавих нь орон нутаг, улс орны хөгжилд хэрэгтэй юм. Эхлээд хөндлөн төмөр замаа тавья гээд Х.Баттулга сайд болоод ажилласан өнөөг хүртэл тавигдаагүй л байна. Нүүрс авах эзэн нь байгаад үнэ хүрч байдаг л юм бол бид нүүрсээ борлуулж байх хэрэгтэй. Эхний ээлжинд хөндлөн төмөр замаа тавья гэтэл босоо нь тавигдаагүй байхад болдоггүй юм байна. Ингээд шат дараатай явъя гэж байна. Үүнийг ард иргэдэд ингэж ойлгуулах боломжтой гэж бодож байна. Энэ ажилд хүрз барьж чадах  хүн бүрийг аваачиж, ажиллуулаад 2010 он гэхэд үр дүн гаргаарай гэсэн. Гэтэл өнөөдөр юу ч алга. 2010 онд дахиад уулзсан, 2012 онд хийгээрэй гэсэн. Дахиад л үр дүн байхгүй. Өөрөө ч ажил хийхгүй, хүний ч ажлыг хийлгэхгүй юм. 2013 онд Засгийн газрын хуралдаанд оролцоод “Битгий шалтаг тоочоод, санаа алдаад суугаад бай” гэж А.Гансүх, Х.Баттулга хоёрт хэлж байсан. Үргэлж сануулж байсан. Өөрөө л энэ ажлыг хийх ёстой.  2012 оны сонгуулийн дараагаар Х.Баттулгад Сайншандын аж үйлдвэрийн паркийг хийж  ҮХАА-н сайд хий гээд дэмжсэн. Одоо тэр Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Тэнд юу хийгдсэн бэ. Саяхан над руу холбогдох  ИТХ-ын дарга нь ярьсан. “Газрын асуудлыг нь Алтанширээ сум руу шилжүүлэхгүй бол болохгүй нь. Усны асуудал хүндрэлтэй, сонгож авсан газар цэвдэгтэй  юм байна” гэсэн. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх хэрэгтэй. Түүхийн зураг үзүүлж, яриа эвлүүлээд асуудлыг шийдэж болохгүй. Өөрт чинь боломж, эрх мэдэл, цаг хугацаа байсан. Шийдвэрүүд нь байсан.

7

Төмөр замаар явсан ачаа шууд далайн боомт хүрэх ач холбогдолтой. Энэ нь манай улс орны хувьд хэрэгтэй ачаа. Бид зөвхөн урд хөршдөө нүүрс зарах гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүүгээ зарж, бараагаа хүргэх гээд байгаа юм, төмөр замаар. Төмөр замаар ачаагаа тээвэрлээд ирэхээр олон улсын хэлэлцэээрээр асуудал шийдэгддэг. Ийм учраас Монгол Улсад хэрэгтэй. Нэг хоёр хөрштэйгээ биш олон улстай хэлэлцээр хийж, дамжин өнгөрөх хөнгөлөлт авах эрхтэй. Энэ боломж төмөр зам дээр гарч ирж байна.

5

Төмөр зам дээр Монгол Улс өөрийн эрх ашиг, бодлоготой гэдгийг асуудал хариуцаж байсан сайд Х.Баттулга сайн мэдэж байгаа. Монгол төмөр зам баригдвал хөдлөх бүрэлдэхүүн нь Монголын бүрэлдэхүүн байна. Толгой нь, инженер ажилчид нь монгол хүн байна. Өртөөн дээр монголчууд ажиллана. Байгаль орчныг гамшиг болгохгүй.  Бид хөрштэйгээ энэ асуудлыг ярьж байгаа. Хоёр хөрш рүүгээ бараа тээвэрлээд гаргаж байгаа бол өөр өөрсдийнх нь царигаар гаргах нь зөв юм гэж бид үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, Хятад руу нарийн царигаар. Цариг дээр хэрэлдээд байх ямар ч шаардлагагүй. Бодлого дээр байгаа. Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замтай шууд барилдах буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна гээд заасан. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх, ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэлх ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Ингээд Засгийн газар УИХ-д оруулж байгаа. Өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Дээрээс нь 2009 оны долоодугаар сард зурсан санамж бичиг байгаа. Хоёр талаас хоёр дэд сайд гарын үсэг зурсан, та өөрөө боловсруулсан шүү дээ. Энэ санамж бичигт бүр тодорхой зааж өгсөн. Талууд хамтран 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайтын замыг барина гэж оруулсан. 2012 онд Тавантолгой-Оюутолгой-Сайншанд, Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын Үүд, Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус барьж дуусгана гэсэн. Шивээхүрэн-Нарийн сухайт, Сайншанд-Замын-Үүд, Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барина гэж заасан. Бид үүнд Монгол Улс бодлоготой байх ёстой. Үүнийг Засгийн газрын хэлэлцээрээр шийднэ гээд хоёр яамны хооронд санамж бичиг хийснийг зогсоосон. Учир нь нарийн царигтай төмөр зам баривал дамжин өнгөрөх тээвэртэй уялдуулж шийдье гэж байсан. Энэ гэрээ хэлэлцээрийг өөрийн чинь үед хийх л байсан. Гэрээ хэлэлцээртээ тарифын ямар хөнгөлөлт авах, хэдий хэмжээний ачаа гуравдагч талд худалдагдах гээд олон асуудал дээр ярьж байна. Дээр нь Монгол Улсад татвараа төлдөг компанийн ачаа байх ёстой. Энэ бүхэн дээр Монгол Улс бодлоготой. Гэтэл Монгол Улс огт бодлогогүй байсан юм шиг. Эсвээс нэг хэсэг нь эх орноо, баялгаа худалдах гээд байгаа юм шиг байдлаар харуулах бол буруу гэж бодож байна. Цаг хугацаа гэдэг ямар ч баялгаас үнэтэй. Бид зургаан жил энэ асуудлаар ярилаа. Бид энэ цаг хугацаанд шийдэх л байсан.

6

"Хөршөө муулах нь сайн хөршийн бодлого биш"

6

Монгол Улс өвөрмөц байршилтай. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг цорын ганц орон. Бидэнд нэг хөдлөшгүй үнэн нь энэ хоёр улстай хөрш. Энэ хоёр хөрштэй гэрээ хэлэлцээ хийж, аль аль талын эрх ашгийг хардаг. Ер нь хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого гэж байх болохгүй. Гадаад бодлого дээр бид нэгдмэл байр суурьтай байх ёстой.

6

Монгол Улс хөгжинө, босно гэдэг Монголын ирээдүйд итгэж байгаа, үүний төлөө зүтгэж байгаа хүмүүсийн сэтгэлийг мохоож болохгүй. Түүнд итгэж байгаа хүүхэд залуусын сэтгэлийг мохоож болохгүй. Монголын ирээдүйд итгэдэг үү гэхэд ард иргэдийн 80 хувь нь болно, бүтнэ, итгэж байгаа гэж хариулдаг. Х.Баттулга гишүүний хэрэгжүүлдэг сайн бодлогыг дэмжинэ. “Түмэн хишигтэн” гээд сайн бодлого байна. Дэмжсээр ч ирсэн. Майдар хот маш зөв бодлого. Шинэ сумын төв зэргийг Засгийн газар хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой. Спортын чиглэлийн олимпийн аварга, жүдо бөх гээд ажлууд байна. Энэ бүхнийг дэмжинэ. Зарим өндөр албан тушаалтнуудыг харж байхад төр рүү, төсөв рүү ойртуулмааргүй хүмүүс байдаг. Авлигатай бид тэмцэнэ. Газрын хуулийг хөндөж иргэд ярилаа. Буцаагаад татаад авлаа. Газар бол Монгол Улсын иргэнд ашигтай, баялаг бүтээх байдлаар гарах ёстой. Буруу зүйл байгаа бол хэлнэ. Бурууг шүүмжилнэ. Хориг тавина.

6

Олон нийтэд үзүүлнэ, айлын хоймроос ярина гэдэг бол та бүхэнд онцгой хариуцлага ноогдож байна. Нэг хэсэг улсыг зочид буудлын арын өрөөн оруулчихаад турхирч байгаа зүйлийг нэвтрүүлээд сууж болохгүй. Энэ телевиз менежер, захирал гэж хүмүүс байгаа л байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Диктер хийж байгаа бол наад зах нь хэлэх үгээ бодоод гардаг. Үүн дээр онцгой анхаарах ёстой. Нэвтрүүлгийн зохиолч, зураглаач гээд гарах хэрэгтэй. Нүүрээ харуулж чадахгүй байж асуудал ярих гээд гүйлдээд байх хэрэггүй. Аливаа юм буух эзэн буцах хаягтай байх ёстой.

6

Ингээд хамтарч ажиллая, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе. Монгол Улсын нэг давуу тал бол нээлттэй байдаг.

6

Ийнхүү Ерөнхийлөгч үгээ хэлсний дараагаар уулзалт хаалттай үргэлжилсэн юм.

6

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин