Гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нарт холбогдох хэргийг Дүүргийн I прокурорын газарт хянаж, яллах дүгнэлт үйлдэн энэ сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад Б.Батбилэг, С.Батцэнгэл, Д.Ширнэндорж, Д.Сайнбаяр нар нь бүлэглэн Г.Батжаргалаас 1.121.361.000 төгрөг залилан авч хохирол учруулсан. Мөн 18 иргэнээс орон сууцны захиалга авах нэрийдлээр 500.274.893 төгрөгийг залилж, хохироосон нь тогтоогджээ.
Мөн Д.Дондог нь Д.Сайнбаяр, С.Батцэнгэл нартай бүлэглэн “Меритон” компаниас 2.430.000 ам.доллар, 122 сая төгрөгийн үнэ бүхий автомашин авч нийт 2.956.754.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Ч.Пүрэвзанаас 100 сая төгрөг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Уг хэргийг Д.Дондогийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учраад байсан аж. Тухайн үед нийслэлийн Прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй байна. Харин Д.Дондогийг УИХ-ын гишүүний сэнтийгээс буусны дараа буюу өнгөрсөн зунаас эхлэн түүнд холбогдох хэргийг дахин шалгаж эхэлжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ