Тэтгэврийн зөрүүг ХУУЛИАР шийднэ

img

Тэтгэвэр тэтгэмж, халамжтай холбоотойгоор гардаг асуудалд хамгийн их хувь эзэлдэг асуудал нь тэтгэвэрийн зөрүү. Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин дээрх тэтгэвэрийн зөрүүний асуудлыг хуулиар зохицуулахаар нэр бүхий гишүүд "Нийгмийн суурь тэтгэврийн тухай хууль"-ийн төслийг өргөн барьсан. Уг хуулиар тэтгэвэрийн зөрүүний асуудлыг шийдэгдэх аж. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ горимын санал гаргасан юм. Тэрбээр, өнөөдөр багш нар цалин нэмэх асуудлаар ажил хаялт зохион байгуулж эхлээд байна. Цалин нэмэх асуудал дан ганц БСШУЯ-ны шийдэх асуудал биш. Иймд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудалд анхаарал хандуулж тодорхой тохиролцоо, зөвшилцөл хийх арга зам, гарцыг хайх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. С.Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж , тус Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Дондог уншиж танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Иймд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Харин зарим саналын томьёололд редакци хийхдээ засч залруулах зүйлүүд байгааг Байнгын хорооны дарга анхааруулав. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай, мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэр тогтоолгосон иргэд Монгол Улсад зах зээлийн харилцаа үүсэхээс өмнөх тогтолцоонд ажиллаж амьдарч байсан ба тухайн ажил мэргэжлээсээ гадуур давхар ажил, хувийн бизнес, аж ахуй эрхлэх боломжгүй, хуримтлуулсан мөнгө, хөрөнгөгүйгээр тэтгэврээ тогтоолгосон байдаг байна. Тэгвэл Монгол Улсад 1990 онд зах зээлийн харилцаа үүсч бий болсноос хойш 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэд хэд хэдэн газарт давхар ажиллах, эсвэл өөр ажил давхар гүйцэтгэж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй болсноор тэдгээр иргэдийн тэтгэвэр өндөр тогтоогдож, мөн түүнчлэн хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хуримтлалтай болсон байна. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэнцвэржүүлэлтийн үндсэн зарчим нь шинэчлэгдэн тогтоосон цалин, хөлсний хэмжээг өмнөх онуудын цалинтай харьцуулан “индексжүүлэх” замаар өсөлтийн хувийг гаргаж, тэр хувь хэмжээгээр өмнөх онуудын цалингийн хэмжээг нэмэгдүүлж, тэтгэвэр бодох цалин хөлсийг нэг түвшинд хүргэх шаардлага байгааг харгалзан хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд агуулгын хувьд адил байгаа тул хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзэж, хуулийн төсөл дээр ажиллах Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулахаар тогтов. Харин УИХ-ын гишүүн Д.Дондог тэтгэврийн зөрүүг багасгах асуудал Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулиар зохицуулагдахаар тусгагдаж байгаа тул 3 хуулийн төслийг нэгтгэн хэлэлцээд явья гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр тэтгэвэр тогтоолгодог зарчим хаана ч байхгүй. Энэ нь зөвхөн халамжийн хууль болж гарна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр хариуцахаар заасан. Иймд Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Мөн тэрбээр 95 оноос хойш тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэвэр тогтоолгох асуудал ямар ч зохицуулалтгүй байгаа. Харин гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх асуудлыг тусгасан гэдгийг нэмж тодотгосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ