Наадамчдыг цэнгэлдэх рүү үнэгүй хүргэнэ

img

Үндэсний их баяр наадмын үеэр иргэдэд нийт 841 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм байна. Долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобус үйлчилгээнд гарах юм байна. Тодруулбал, Хүй долоон худаг руу МУБИС-ийн автобусны зогсоолоос 20 автобус, “3, 4 хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн таван чиглэлээс наадамчдад үйлчлэх юм байна.

Харин үнэгүй үйлчлэх автобуснуудын хувьд Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо, Дунд голоос том оврын автобус Төв цэнгэлдэх рүү иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос “RAILBUS” Хүй долоон худаг руу иргэдийг хүргээд Давааны өртөөнөөс Морь барианы газар хүртэл том оврын автобус наадамчдад үнэгүй үйлчлэх аж.

Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны зогсоолд зогсох 121 автобус нэмэлт үйлчилгээнд гарах юм байна. Харин зуслангийн долоон чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн 10 автобус явахаас гадна баярын үйлчилгээнд 66 автобусыг нэмж гаргана гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн. Нийтийн тээвэр наадмын эхний хоёр өдөр баярын тусгай хуваарийн дагуу ажиллах бол 13-нд ердийн хуваариараар үйлчилнэ.

Харин такси үйлчилгээний хувьд долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Энхтайваны гүүрний урд, Нарны хотхоны баруун, зүүн тал, МҮХАҮТ-ын хойд талын зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ