17 орны 240 төлөөлөгч Монголд саатна

img

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын Парламентын  19 дүгээр чуулган энэ  сарын 23-27-нд  Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.  Хуралдаан Төрийн ордны “Б” танхимд явагдах бөгөөд тус хуралд 17 орны 240 төлөөлөгч хүрэлцэн ирэхээр бүртгэгдсэн байна.   Австрали, Камбож, Канад,Чили, БНХАУ, Индонези, Япон, БНСУ, БНАЛАУ, Малайз, Мексик, Микронез, Шинэ Зеланд, ОХУ, Сингапур, БНСВУ, Бруней зэрэг орнууд багтаж буй бөгөөд  Австрали, Камбож, Чили, БНХАУ, Малайз, Микронез, ОХУ-ын парламентын дарга, дэд дарга нар тус чуулганд оролцохоор хүрэлцэн ирэх юм.

Ази-Номхон далайн парламентын чуулган (АНДПЧ) Япон Улсын Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачлагаар 1993 онд анх байгуулагдаж, тус хуралдаанаас Токиогийн тунхаглалыг баталсан байна.

Токиогийн тунхаглал нь АНДПЧ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, баримтлах зарчим, АНДПЧ-ны гишүүнчлэл, оролцооны журам, тус чуулганы бүтэц зохион байгуулалтыг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ. Монгол Улс анх 1994 онд АНДПЧ-ны 2 дугаар хуралд оролцсоноор тус байгууллагын гишүүн болж түүнээс хойш АНДПЧ-ны жил бүрийн ээлжит чуулганд тасралгүй оролцож иржээ.  Өнөөдөр АНДПЧ нь тус бүс нутгийн парламент хоорондын томоохон байгууллага бөгөөд Ази тив, далайн орнууд, хойт, төв болон өмнөд америк, мөн Евроази тивийг төлөөлсөн 28 орны парламент тус байгууллагын гишүүн, ажиглагчаар ажиллаж байна.

АНДПЧ-ны сүүлчийн 18 дугаар чуулган 2010 оны 1 дүгээр сард Сингапур Улсад зохиогдож уг хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав тэргүүтэй Монголын УИХ-ын төлөөлөгчид оролцсон юм. Тус хуралдааны  үеэр ээлжит 19-р чуулганыг Монгол Улсад 2011 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ