Цэцэг төвийн уулзварыг нээлээ
Нийслэлийн түгжрэл ихтэй замын уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм.
Энэхүү ажлуудыг Гудамж төслийнхөн гүйцэтгэж байгаа. Тэд энэ онд 12 уулзварыг шинэчлэхээс эхнийх нь буюу Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө.
Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэлсэн юм.
Өмнө нь энэ газарт Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газар байрлаж хаалттай бүс байсан. Үүнийг зам, гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл буурах юм. Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы “Си Си Ти Ай” инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажилласан ба нийт хоёр тэрбумс төгрөг зарцуулсан байна. “Гудамж” төслийнхөн өнгөрөгч онд 18 уулзварыг шинэчилсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ