Улсын наадмаар тав хоног амрахыг дэмжив

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хороо эхлээд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, албаны бусад хүмүүс оролцсон юм. Төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд бүх байнгын хороо, нам, эвслийн бүлгүүд саналаа нэгтгэн Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

s

Төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд төрийн зарим байгууллага, албан тушаалтнууд гадаад арга хэмжээний зардлаа хэтрүүлсэн, төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн, албаны автомашин унах эрхгүй олон хүн машин унаж төсвийн хөрөнгийг үрэгдүүлж байгаа зэрэг алдаа дутагдал аудитын байгууллагын дүгнэлтээр илэрсэн тухайг тодруулахад Үндэсний аудитын газрын дэд дарга, тэргүүлэх аудитор Б.Баттуяа “Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын төсвөөс 2013 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хэрэгжилт, түүний үр дүнд хийсэн аудитын бүх тайланг байгууллагынхаа цахим сайтад бүрэн эхээр нь байршуулсан. Хэрэв шаардлагатай гэвэл УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд цаасан хэлбэрээр өгч болно” гэсэн хариулт өгөв.

s

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат автомашин унах эрхгүй 200 гаруй хүн машин унадаг болсон, төсвөөс гадуур 100 гаруй данс нээсэн тухай яригдсан. Ийм дутагдлыг дахин давтахгүйн тулд энэ тухай мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх нь зүйтэй. Гол нь хэдийнээс хэний шийдвэрээр хэрэгжиж эхэлсэн арга хэмжээ болохыг олон нийтэд ил тод хүргэх замаар энэ асуудлыг хуулийн дагуу засч, зөв голдрилд нь оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

sw

Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

s

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төслийг боловсрууллаа. УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10; Төрийн байгуулалтын байнгын хороо 4; Төсвийн байнгын хороо 3; Эдийн засгийн байнгын хороо 5; Хууль зүйн байнгын хороо 19; Өргөдлийн байнгын хороо 9; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 28; Монгол Ардын намын бүлгээс 37; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 42; Засгийн газраас 111 төсөл санал болгосон. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 6 санал тусгайлан ирүүлсэн.

s

Энэ сарын 26-ны өдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 123 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 49, хэлэлцэж эхлээгүй 74 төсөл байна. УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 7, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль 23, зээлийн хэлэлцээр соёрхон баталсан тухай хууль 4, УИХ-ын тогтоол 19 батлагдаад байгааг Байнгын хорооны дарга хэллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд тус намын бүлгээс Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналаа өргөн барьснаас нэг сар болох гэж байна. Иймээс энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганы үлдэж буй хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж оруулж ирэх чиглэлийг УИХ-ын даргаас өгсний дагуу нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулж Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Иймээс тогтоолын төслийн “Бусад” гэсэн хэсэгт энэsw хуулийг төслийг оруулах саналаа хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

sda

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр хуулиар заагдсан хууль тогтоомжийн төслүүдээс гадна намрын чуулганаар хэлэлцэхээр хуулиар заагдсан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Шилэн дансны тухай, Худалдааны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Монгол хэлний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэрэг 20 хууль тогтоомжийн төслийг нэр зааж тусгасан ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ