Голландууд Мексикийг сүүлчийн минутад хожлоо
Луи Ван Гаалийн удирдсан баг тоглолтын турш багагүй сандарч, эхэлж гоол алдсан ч төгсгөл дээр хоёр ч гоол оруулж, ялалт байгуулж чадлаа. Хэсэгтээ гурав дараалан ялалт байгуулж, хурц, гоёмсог довтолгоогоороо гайхуулсан Голландын баг 1/8 шигшээд хэсэгтээ ердөө ганцхан гоол алдсан Мексикийн багтай тааран тоглов. Тиймээс ч улбар шаруудад тийм ч амар байхгүй нь эхнээсээ ойлгомжтой байлаа.
1
Лаюний хоёр ч алсын цохилтоор тоглолтод эхэлж, мексикчүүд аюултай довтолгоо олныг хийх нь тодорхой болов. Найжел де Йонг гэмтснээр “улбар шарууд”-аас Бруно Мартинс Индиг зайлшгүй сэлгээгээр оруулахаас аргагүйд хүрсэн нь асуудлыг улам нэмэв. 17 дахь минутад мексикчүүд эхний тун аюултай довтолгоог хийсэн ч Эррера ойрын буланд онож цохьж чадсангүй. Үүний дараагаар Сальсидогийн аюултай цохилтыг Силессен хаав. Нэгдүгээр үеийн дундуур Ван Перси бөмбөг тун эвлэгхэн тогтоон хаалга руу цохьсон ч байгаа оносонгүй.
1
Нэгдүгээр үеийн төгсгөлд Дос Сантосын хурц өнцгөөс цохьсон бөмбөгийг Силессен хааж чадлаа. Гэвч хоёрдугаар үеийн эхэнд Жованни Дос Сантос 25 орчим метрийн зайнаас гэнэтийн цохилт хийснийг Силессен хааж чадсангүй. Ийнхүү Мексикийн шигшээ тэргүүлж эхлэв. Үүнээс 10 орчим минутын дараагаар булангаас дамжуулсан бөмбөгийг Де Врей мөргөсөн ч Очоа реакцын гайхамшгийг үзүүлж, хааж чадлаа. Дараа нь Снейдерийн тун аюултай цохилтыг Мексикийн хоёр хамгаалагч хааж дөнгөв.
1
Тоглолтын турш огт гялалзаагүй Робин Ван Персиг суулгаж, түүний оронд Клас Ян Хунтелаарыг Луи Ван Галь талбайд гаргалаа. Ийнхүү “улбар шарууд”-ын ахлагчийн тууз Ван Персигээс Арьен Роббенд шилжсэн бөгөөд дэд ахлагч тоглолтын гол үүргийг гүйцэтгэхээр талбайд үлдсэн нь тэр байв.
1
“Улбар шарууд” өрсөлдөгчөө торгуулийн талбайд нь улам шахаж, ээлж дараалан довтолгоо хийсээр, тоглолтын хувь заяаг өөрчлөхийг чармайж байв. 88 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Снейдерт дамжуулахад “Улбар шарууд”-ын 10 дугаарт хөлбөмбөгч маш хүчтэй цохилтоор тоог тэнцүүллээ. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Роббен өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд нэвтрэхэд Рафаэл Маркес дэгээдснээр хаалгандаа торгуулийн цохилт заалгав. Торгуулийн цохилтыг Клас Ян Хунтелаар ямар ч өөгүй, оновчтой хүчтэй цохилтоор гоол болгосноор тоглолт дуусахаас ердөө ганцхан минутын өмнө Голландын шигшээ ялалтын гоолоо оруулсан юм.
1
Энэ гоолын дараагаар Мексикийн багт хариу гоол оруулах цаг ч үлдсэнгүй. Ийнхүү Мексикийн шигшээ зургаа дахь дэлхийн аваргадаа дараалан 1/8 шигшээгээс мултрав. Харин Голландын шигшээ дэлхийн аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо.
1
Голланд - Мексик 2:1
Гоол: Снейдер, 88, Хунтелаар, 90+4-пенальти - Дос Сантос, 48
Голланд: Силиссен, Блинд, Влаар, де Врей, де Йонг (Мартинс Инди, 9), Вейналдум, Верхег (Депай, 56), Кюйт, Снейдер, ван Перси (Хунтелаар, 76), Роббен
Мексик: Очоа, Морено (Рейес, 46), Маркес, Родригес, Лаюн, Гуардадо, Сальсидо, Эррера, Агилар, Дос Сантос (Акино, 62), Перальта (Эрнандес, 75)
Шар хуудас: Агилар, Маркес, Гуардадо
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ