Бид үнэхээр эрүүл үү

img

Орос Хятад ган бат найрамдлын гэрээ байгуулаад байна. Орос дорно зүгийн хөршүүдээ мартснаа алдаа байсныг сүүлийн үед ил тодоор мэдэгдэх болсон. Украины асуудлаас болж Европын холбоо хийгээд АНУ-тай тангараг тасраад байгаа өнөөгийн нөхцөлд ийм гарц нээхэд хамгийн том түлхэц болсон нь тодорхой. Хуваагдашгүй нэгдмэл Орос орон гэсэн үзэл санаа орос хүн бүрийн сэтгэл зүрхэнд оршин тогтнолынхоо хагас мянганы шахуу түүхэнд хадгалагдсаар өнөөг хүрсэн хойно хэний ч өмнө “Би орос” гэж бахархалтайгаар хэлэхийг хүсчээ. Хүн амын амьжиргааны төвшин, улс орны эдийн засгийн чадавхи, хүний эрх эрх чөлөөний үнэлэмж нь ардчиллын нөлөөт толь болсон хүчирхэгүүдтэй эн зэрэгцэхгүй ч гэлээ язгуур үзэл санаа нь энэ ард түмнийг эрсдэлтэй ч түүхэн алхам хийхэд ямагт нөлөөлсөөр ирсэн юм. Орос нэг гарт захирагдах дуртай нь ийм л учиртай.

5

Дорно дахин тэдэнд хэзээний ивгээлтэй. Тэр дундаа Хятад. Тэд өмнө түншлэлийн харилцаатай байсан харилцаагаа стратегийн төвшинд гаргалаа. ОХУ-ын “ГАЗПРОМ” нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн “CNPC” корпораци байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхайд баталж, 30 жилийн хүчинтэй гэрээний нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Дээрээс нь ОХУ мянган шоо метр хийг Европт 365 ам.доллароор зардаг бол Хятадад 350 ам.доллароор нийлүүлэхээр тогтож, гэрээний урьдчилгаа болгож 25 тэрбум ам.доллар авахаар тохиролцсон. Дэд бүтцийн асуудлыг 2016 онд Амур мөрөн дээгүүр тавих төмөр зам бүхий гүүрэн байгууламжаар бүрэн шийднэ. Нөхцөл байдлаас шалтгаалан ирэх жилдээ багтааж энэ гарцыг бий болгохоор яаравчилж байгаа тухай мэдээллийн хэрэгсээр цацагдах болов. Монголыг тойроод л асар том дэд бүтцийн сүлжээ тавигдаад эхэлнэ. Хятад бол өөрөө аугаа том зах зээл. Хуурай газар дээрх хамгийн том газар нутагтай Орос ч ашигт малтмал, байгалийн бүтээгдэхүүний асар том түүхий эдийн баазтай. Манайхыг бодвол тэд үйлдвэрлэж чаддаг, түүхийгээр нь гаргаж ч чаддаг.

6

Хоёр том хөрш техник эдийн засгийн үндэслэл, бүтээн байгуулалтаа өвөр дотроо удаан /маниусын хувьд хурдан/ тооцож байгаад нэг л өдөр ширээний ард сууж хөзрөө дэлгээд хамгийн оновчтой гэсэн хувилбар дээрээ гоншигнолгүй тохиролцоод бүтээн байгуулалтаа эхлүүлж байгаа юм. Байгалийн хийн хоолойг Монголоор тавих эсэх асуудлаар бага зэрэг маргалдаад монголчууд бол найдваргүй этгээдүүд, уг нь бол хамгийн дөт зам юм даа гэсэн шүү зүйл яриад больчих жишээтэй. Өнөө маргаашгүй тавигдаад, баялгаас нь хүртчих юм шиг бид хөөрцөглөж дотроо маргалдсаар алтан боломжийг алдсан. Төмөр зам барих гэж зургаан жил маргалдаж, Сайншандын цогцолбор барих гэж түүнээс ч олон жил улс төржлөө. Ганц км төмөр, ганц ч аж үйлдвэрийн паркийн шон боссонгүй. Ерөнхийлөгч аргаа бараад л Х.Баттулгыг загнаж байна. Улсын эцэг хүн болохгүй хүүхдээ загналгүй яахав. Өнөөдөр урд хөршийнхөө дургүйг хүргээд л сууж байна.

6

“За больё, танайхаас нүүрс авахаа бүр болилоо. Австралиас авья. Яахав хойд бүсийн үйлдвэрүүддээ хүргэх нь бага зэрэг хол л юм” гээд өнөө нэг юм яриад маргааш нөгөөг ярих хүмүүстэй наймаа яриад ч яахав гээд суучихвал Монгол яах вэ. Дотоодын улс төржилтөөс болж бид олон ч алтан боломжоо алдаж байна даа. Хоёр хөршийн хүч түрсэн нөлөөллөөс ангид байхын тулд гуравдагч хөршийн том компаниудаар хөрөнгө оруулалт хийлгэлээ. Баахан нөхдүүд уриа лоозон барьж, буу шийдэм дээрээ тулж гэмээн хөөгөөд явуулчихаж байна. Эсвэл хэтэрхий эх оронч төрийн түшээд нь нийлж байгаад л хувиа нэмэгдүүлнэ, тэд нар шулаад байна гэсээр байгаад хуулиа өөрчилнө. Хөрөнгө оруулагч нар үргээд явчихна. Нэгэнт хөрөнгө оруулагч нар хөөгдөөд явчихсан болохоор улсын сан нимгэрээд, валютын урсгал саарч тэр хэрээр импортоос үлэмж хамааралтай эдийн засаг сөхрөөд ирнэ. Хэдхэн хүнээс болоод нийт ард түмний эрх ашиг хохирно.

6

Үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашиг гэж баахан хийрхэгчид үүнийг бодоосой. Юуны тулд түмэн бид сонгуулиар төлөөллөө илгээгээд олонхи болсон нь төрөө барьж жолооддог билээ. Бүх ард түмнээрээ Ерөнхийлөгчөө сонгодог билээ. Хөршүүд Монголд муудаа биш өнөөхөндөө найдваргүй гэж үзсэн учраас л Монголыг дамнуулж гэрээ хэлэлцээр хийж бүтээн байгуулалт хийгээд байгаа юм. Найдвартай байлгахын тулд л нэг үзүүртэй зүү шиг байх учиртай. Дотоодын химлэлдээн гадна ямагт ил байдаг болсон өнөөгийн нөхцөлд Төрийн хар хайрцагны уламжлалт бодлого л чухал байна даа. Хөршөө нүүлгээд явуулчихгүйгээс хойш зохицсон бодлого л чухал.

6

Үйлдвэржье гэлээ. Сайн ч хөтөлбөр боловсруулсан. Хэрэгжүүлэх шатандаа ирэхээр бүгд толгой сэгсрээд эхэлнэ. Дунд шатандаа саалийн үнээ шиг санана. Ингэж л бондын мөнгө зах хязгааргүй мэт зарцуулагдана. Гээндээ ч гоондоо ч бий гэгчээр үрэн таран хийгээд бараг дуусч байх шиг. Хэзээ үр ашгаа өгөх нь мэдэгдэхгүй төсөл хөтөлбөрүүдэд дийлэнхийг нь зарцууллаа. Үлдсэн хусмыг нь баялаг бүтээгчдэд зарцуулсан. Үр дүнг нь хараарай. Хамгийн дээд үзүүлэлт байгаа шүү.

6

Төр өөрөө юм бүхэнд оролцоод мундраа хутгаад байхаар улс гэр хөгжихгүй шүү дээ. Төр бизнесийг хамтад нь сандайлсан эрхмүүд баялаг бүтээгчдийн тэргүүнүүдийг захаас нь АТГ-ын хаягтайгаар явуулж байх шиг сэжиг төрөөд байгаа юм. Дэлхий дахин Хятадын зах зээл рүү дамжаад дахиад тэрбум хүн амтай Энэтхэгийн зах зээлийг авралын од гэж харж байна. Нэхэж байгаа зах зээл рүү бүтээгдэхүүнээ шахаж чадахгүй хүнийг ямар бизнесмэн, ямар эрүүл ухаантай гэх вэ дээ. Сүүлд асуухад бид үнэхээр эрүүл үү. Дэлхийн банк, ОУВС хийгээд донор орнууд эрүүл бус гэж дүгнээд байгаагийн учир шалтгаан юу вэ. Цөмөөрөө нэг бодоцгооё.

5

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ