Марадона: Пеле, Беккенбауэр хоёр тэнэг
Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Марадона уругвайн довтлогч Луис Суарест өгсөн шийтгэлийг дэмжсэн Пеле, Беккенбауэр нарыг тэнэг гэж тодорхойлжээ. Луис Суарес итали хамгаалагч Жоржо Кьеллиниг хазсаныхаа төлөө шигшээгийн 9 тоглолт болон 4 сар тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.
“Энэ хоёр тэнэг амьтан тэнэг зүйлээ ярихаар музейгээс гарч ирж дээ. Тэд үнэндээ ОУХХ-ны даалгаврыг биелүүлэхээр тавигдсан бууны ноход юм. Пеле хөлбөмбөгчийн замналынхаа туршид олон хөлбөмбөгчийг гэмтээсэн. Харин Беккенбауэр тохойгоороо өрсөлдөгч нараа нам цохьж, алчих дөхдөг байсан шүү дээ” гэж Марадона мэдэгджээ. Тэрбээр Суарест ийм хатуу шийтгэл ногдуулсаныг эсэргүүцсэн цөөхөн алдартнуудын нэг юм.
“ОУХХ-ны шийдвэрийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй. Суарест яагаад ийм хатуу шийтгэл ногдуулж байгаа юм бэ? Тэр хэн нэгнийг алчихсан юм уу? Алчихсан гэж бодоод байгаа юм бол гав зүүгээд, Гуантанамогийн шоронд аваачаад хийчих л дээ. Бүтэн жилийн турш бэлтгэлээ тун сайн базааж, дэлхийн аваргад тэр ирсэн. Премьер лигт тэр 31 гоол оруулсан шүү дээ. Гэтэл дэлхийн аваргаас түүнийг зайлуулчихлаа. Үнэхээр итгэмээргүй юм. Зидан 2006 оны дэлхийн аваргын шувтаргын тоглолтод ямар үйлдэл хийсэн билээ? Гэтэл ОУХХ түүнд “Алтан бөмбөг” өгсөн биз дээ” гэж Марадона уурлан өгүүлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ