Н.Батцэрэг: Өршөөлийн тухай хуулийг наадмаас өмнө батлуулах нь зүйтэй

img

Улсын Их Хурал дахь "МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл"-ийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эвслийн бүлэг энэ удаагийн хуралдаанаараа УИХ-ын чуулган завсарлах гэж байгаатай холбоотойгоор хэлэлцэж батлах хуулиудаас эхний ээлжинд зургаан хуулийг ямар ч байсан шууд батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Тухайлбал, хуулийн хугацаанд нь багтааж 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, 2015 оны нийгэм эдийн засгийн ерөнхий чиглэлийг батлах, Ерөнхийлөгчийн өргөн барьсан "Шилэн дансны тухай" хуулийг батлах, Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлахыг дэмжих нь зөв гэж үзлээ. Энэ хууль батлагдснаар хэрэглэгч дугаараа солихгүйгээр өөрийн сонирхсон операторыг сонгох боломжтой болох юм. Иргэдийн гадаадаас хүлээн авч байгаа илгээмжинд татвар ногдуулдаг байсныг болиулсан "Гаалийн тарифийн тухай" хуулийг дэмжие.  Нийтийн баярын өдрүүдэд  амрах тухай хуулийн төслийг дэмжээд баталчихья гэдэг дээр санал нэгдлээ. Энэ зургаан хуулин дээр бүлгийн байр сууриа нэгтгэсэн тул хойш суулгүй шууд батлаад хурдан завсарлая гэж бүлэг үзлээ.

ый

Манай бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр хэрхэн ажиллах вэ гэдгийг бид нилээн ярилцлаа. Уг нь Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүлгээс гаргаад ажилласан. Нилээн сайн ажиллсан. Гэвч  Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэгтэй хоёр талаасаа саналаа зөвшилцөж үр дүнтэй хувилбар нь хэнийх нь вэ гэдэг дээр нэгдэж чадаагүй. Уг нь УИХ-ын бүтцэд ажиллаж байгаа ажлын хэсгүүд бие биенийхээ  хийсэн ажилд дүгнэлт хийж харилцан ярилцаад дундын хувилбар гаргадаг уламжлалтай. Гэтэл бүлгийн саналуудыг ойшоохгүй байдал ажиглагдаж байна. Энэ асуудалд Г.Уянга гишүүн болон манай бүлгийн бусад гишүүд бухимдаж байгаа.  Тиймээс өнөөдөр хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хойшлуулах санал гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа стратегийн ордуудад хувь эзэмших гэдэг асуудалд төрийн бодлого яаж зөв явах юм бэ гэдэгт анхаарч аль нэг нам эвсэл хүч түрэн батлах нь буруу. Урд гаргасан алдаанаасаа сургамж аваагүй дүр зураг харагдаж байгаа тул шууд батлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулин дээр ямар ч байсан яриа хэлцэл өрнөх ёстой гэж бид үзсэн.

ах

Түүнчлэн "Төрөөс төмөр замын талаар баримтлах үзэл баримтлал"-ын хүрээнд Засгийн газар тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төслийн хүрээнд өргөн нарийн царигийг ямар маршрутаар аль хэсэгт барих талаар Засгийн газарт зөвшөөрөл өгч байгаа төсөл юм. Бүлэг энэ асуудалд нилээн анхаарлаа хандуулсан. Ер нь бол бол төмөр замын асуудал бол сүүлийн жилүүдэд янз бүрийн түвшинд яригдсан. 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ, байнгын хороод дээр хэд хэдэн удаа яригдсан. Бид бүлэг дээрээ А.Гансүх сайдаас мэдээлэл сонссон. Тиймээс бүлэг хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

ах

Хаврын чуулганаар өөр хэд хэдэн хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Тэдгээрээс "Өршөөлийн тухай хууль" нь нийгэмд хүлээлт үүсгэсэн байгаа. Өршөөлийн тухай хуулийг батлахдаа урин дулааны цагт буюу наадмаас өмнө батлан  гаргачихвал их хэрэгтэй. Яагаад гэвэл өршөөгдөж байгаа хүмүүсийн олон жилийн практикаас харахад өвөл суллагдсан хүмүүжигч нар гэмт хэрэг давтан хийгээд буцаад хоригддог муу үр дүн байна. Тиймээс урин дулааны улиралд энэ хуулийг хэрэгжүүлвэл гарч ирсэн хүн нь хурдан нийгэмшдэг, байр сууриа олж чаддаг, гэмт хэрэгт бага холбогддог юм байна. Тэр ч утгаараа Өршөөлийн тухай хуулийн үр дүн гардаг. Төрийн хүмүүнлэг байх гэдэг үзэл баримтлалд нийцэх тул иргэдийнхээ нэг үед гаргасан алдааг нь уучилж чаддаг төр байх ёстой. Гэхдээ тэр уучлал нь хэзээ байх вэ гэдэг нь зарчмын асуудал. Тиймээс манай бүлэг энэ асуудлыг дэмжиж, батлуулахын тулд бусад бүлгүүдтэй зөвшилцөлд хүрэх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ" гэв.

ро

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ