Г.Уянга: Ашигт малтмалын тухай хуулиар зөвшилцөх ёстой

img

Ашигт малтмалын тухай хуулийг яаран батлах гэж байгааг эсэргүүцэж байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга болон Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

6

Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш холбогдох байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлах, үгүйг шийдэх юм. Л.Цог болон Г.Уянга гишүүний хэлж буйгаар уг хуулийг батлахаар эрх баригчид буюу АН-ынхан хүч түрэн зүтгэж байгаа гэнэ. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн гаргасан саналыг үл тоож, тэр бүү хэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хассан байна.

6

Тус хуулийн төслийг яаран батлахгүй байх хэд, хэдэн шаардлага бий гэдгийг Л.Цог болон Г.Уянга гишүүн нар хэллээ. Тухайлбал, уг хуулийн зарим заалтад нөөцийн хэмжээ нь тодорхой болсон стратегийн чухал орд, газруудыг хувийханы мэдэлд шилжүүлэх тухай заалт тусгагджээ. Түүнээс төр огт хувь эзэмшихгүй бөгөөд ард түмний эзэмших ёстой ордуудыг хувийнханы мэдэлд 100 хувь аваачих нь буруу гэж тэд үзэж байгаа аж.

7

Г.Уянга гишүүн энэ талаар "Стратегийн чухал ордуудад төр өөрийн хувийг эзэмшээд түүнээсээ ард иргэдэд хувь хүртээх нь зөв. Мөн байгалийн баялагтай ордоо төр үнэлэх ёстой. Үнэлсэн үнэлгээнийхээ дагуу хамтарч эзэмшдэг болох хэрэгтэй. Газар дээрх болон доорх баялаг нь ард түмний өмч гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Гэтэл тэр их баялагийг цөөн хэдэн мөнгөтэй хүмүүст хувиарлаж өгөх заалтыг Ашигт малтмалын тухай хуулинд тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл.  Цагаан суваргын орд ч мөн ялгаагүй. Тэр ордоос ард түмэн хувиа хүртэх ёстой. Яагаад тус орд ганц Н.Номтойбаярын гэр бүлийг баяжуулах ёстой юм" гэлээ.

7

Мөн хайгуулын лицензийг сэргээх талаар ч уг хуулийн төсөлд тусгасан байна. Үүнийг Л.Цог болон Г.Уянга гишүүд эрс үгүйсгэж буйгаа илэрхийллээ. Учир нь замбараагүй тараагдсан өмнөх хайгуулын лицензээ цэгцэлж чадаагүй байж нэмж зөвшөөрөл олгох нь буруу. Энэ мэт засч залруулах шаардлагатай маш олон заалт байхад АН-ынхан хүч түрэн уг хуулийн төслийг батлах гэж зүтгэж буй нь өөрсдийнх нь эрх ашиг, лоббитой холбоотой гэж хардахад хүргэж байна хэмээн Г.Уянга гишүүн хэлэв.

7

Л.Цог гишүүн энэ талаар "Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу гэдгийг гишүүд бүгд мэдэж байгаа. Мэдсээр байж батлах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийг хэн, нэгний лоббинд автсан, их мөнгөний хахууль авах гэж байж магадгүй  гэсэн хардлагыг төрүүлж байна" гэсэн юм.

7

Тиймээс Монголын ард түмэнд ноцтой аюул учруулсан улс орныг хохироосон уг хуулийн төслийг батлуулахгүйн төлөө өөрсдийн харъяалагддаг "Шударга ёс" эвслийн бүлгийг тууштай байж маш хатуу байр сууринаас хандах ёстой гэлээ. Хэрвээ тэгэж чадахгүй бол хэд, хэдэн гишүүн "Шударга ёс" эвслийн бүлэгт байх үгүйгээ шийднэ гэв. Хэрвээ "Шударга ёс" эвслийн бүлэг тууштай байж чадаад уг хуулийг ард түмний талд батлуулж чадвал  тус бүлгийн сонгуулийн амлалт ч биелэнэ гэж үзэж байгаа аж.

7

Г.Уянга гишүүн энэ талаар "Өнөөдрийн парламентад аль ч нам олонх болоогүй. Тийм учраас уг асуудлаар зөвшилцөх ёстой гэж бодож байна" гэлээ. Тус хуулийг хүч түрэн шийдвэл олныг хамарсан жагсаал, цуглаан ч зохион байгуулахад бэлэн гэдгээ дээрх гишүүд энэ үеэр мэдэгдсэн юм.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ